Шинэ зохицуулалт Монголыг модоо барихад хүргэх вий

2018 оны 3 сарын 14

Мөнгөөр бялхаж байсан сайхан цагаа дурсья. 2011 онд Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшин буюу 4.7 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд цойлж байсан үе. Дэлхий нийтийн анхаарлын төвд монголчууд л байлаа шүү дээ.

Гэтэл 2012 онд баталсан Стратегийн ач холбогдолтой салбарт Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн улмаас энэ амжилт маань навс унаж, бид тавхан жилийн дотор амаараа шороо үмхсэн.

30 хувийн татвар нь лицензийн наймааг улам дэвэргэнэ

Хямралаас гарч, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд гадаад зах зээл дээр бонд босгож, өр тавьсны балаг одоо ч дуусаагүй байна. ОУВС-гийн ачаар өөрсдөө бүсээ чангалсан ч хөрөнгө оруулагчдаа тогтоон барих боломж гадаад, дотоод орчинд уг нь бүрдчихээд байна. 

Харамсалтай нь, манай эрх баригчид үүсэн бүрэлдэж буй таатай нөхцлийг улам бэхжүүлэн, тэлж ашиглахын оронд дахиад л бусдыг царайчилж, бүсээ чангалсан өмнөх түүхээ давтах эрсдэлтэй шийдвэр гаргав 1 Энэ оноос эхлэн лицензийн наймааг зогсоож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэрийдлээр хайгуулын 1745 тусгай зөвшөөрлийн эзэмшигч өөрчлөгдөх бүрт үнийн дүнгээс 30 хувийн татвар авч эхэлсэн.

Гэтэл энэ зохицуулалт ДНБ- ий 6-7 хувьтай тэнцэх валют оруулж буй хөрөнгө оруулагчдыг үргээгээд зогсохгүй ил тод уул уурхайг боомилж, Монголыг модоо барихад хүргэнэ гэдгийг шинжээчид хэлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөвлөх Т.Цогтбаяр “Хөрөнгө оруулагчдыг боомилсон зохицуулалт. Монголд ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй.

Яагаад гэвэл хайгуул гэдэг өөрөө 100 хувь эрсдэл. Үүнийг үүрэх гээд орж ирсэн компаниудад дахиад 30 хувийн татвар төлнө гэдэг аюултай” хэмээв. Харин үнэт цаасны MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн үүнийг “Худалдааны бус харин хөрөнгө оруулалтаас авч буй татвар гэж ойлгох нөхцөл үүслээ” хэмээв.

Тэрбээр “Татварын хувь хэмжээ, нөхцөл энэ байгаа чигээрээ цааш үргэлжилбэл Монголд жинхэнэ геологи хайгуулын судалгаа хийдэг компаниуд үлдэхгүй, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудын хувьд ажиллах орчин байхгүй болно” гэж дүгнэлээ.

Уг нь өнгөрсөн долоо хоногт Канадын Торонто хотноо болсон уул уурхайн хөрөнгө оруулагчдын 86 дахь удаагийн чуулга уулзалт (PDAC)-д УУХҮ-ийн сайд оролцох үеэрээ “Уул уурхайг ил тод болгоход хөрөнгийн зах зээлийн хөгжил ус, агаар мэт хэрэгтэй байна” хэмээн Блумберг телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилждаг компаниуд хайгуулын мэдээлэл нь үнэн бодит, ил болох тусам ханш нь өсөж хөрөнгө босгох боломж нэмэгддэг. Мөн хөрөнгө оруулалтын сангууд болон хувь хүн, бусад тоглогчоос мөнгө татахын тулд ил тод өрсөлддөг эрүүл засаглалтай. 

2017 онд гаднын компаниудын оруулсан хөрөнгө оруулалт улсынхаас найм дахин их

Тиймээс ийм компаниудын оролцоо хэдий чинээ ихэснэ манай улсад уул уурхай төдий чинээ хариуцлагатай хөгжинө гэсэн үг юм. Манай улсад 702 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 онд орж ирсний 79 хувь буюу 554.5 сая нь уул уурхайн салбарт хамаарч буй. 

Харин уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын бараг 10 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй 4-5 компани хайгуулын үйл ажиллагаагаар дамжуулан бүрдүүлжээ. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын статистик мэдээллээр бол 2017 онд улсаас 12 тэрбум 255 сая төгрөгийг хайгуул, судалгаанд зарцуулсан байх юм.

Өөрөөр хэлбэл, уг хоёр тоог харьцуулбал, гаднын компаниуд найм дахин их, ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх хөрөнгийг манай хайгуулын салбарт оруулсан байна. АМГТГ-ын статистикаар олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 19 компани манай улсад үйл ажиллагаа явуулдаг.

Гадаад, дотоод орчин одоохондоо эерэг байгаа нь эрүүл засаглалтай уул уурхайн компаниуд манай улсад хөрөнгө оруулалт хийх таатай боломж болж буй. Гэвч салбарын хөрөнгийн эх үүсвэр, мөнгөний урсгалыг тооцохгүйгээр ийм хавтгайрсан зохицуулалт хийх нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохоос өөрцгүй шийдвэр болно.

“Хувьцаа борлуулсны орлогоос тэртээ тэргүй хувьцаа эзэмшигчид татвар төлдөг. Тиймээс ингэж давхардуулан ногдуулах шаардлага байхгүй. Төсвийн орлого бүрдүүлэх гэж байгаа бол бусад төрлийн хураамжаа нэмж болно шүү дээ. Нөгөөтэйгүүр, бидэнд уурхайг дагаж бий болох бүтээн байгуулалт, түүнээс олох орлого амин чухал” хэмээн Т.Цогтбаяр тайлбарлаж байна. 0.5-1 сая ам.долларын үнэд хүрэх тусгай зөвшөөрлийн 30 хувийг авах нь чухал уу, эсвэл түүнийг дагаж орж ирэх 100 сая ам.долларын бүтээн байгуулалт улсад илүү хэрэгтэй юу. Нэг уурхайг дагаад боловсруулах үйлдвэрээс гадна барилга байгууламж, худалдаа, авто болон төмөр зам гээд дэд бүтцүүд үүснэ.

Тэгэхээр нэг сая ам.доллараас авах гээд байгаа 300 мянган ам.доллар чинь дээрх салбаруудаар дамжиж 10 сая ам.доллар болж өсөхөөс гадна ажилчдын гараар дамжин, эдийн засагт өчнөөн арван саяараа цутгана. Үүнийг татварын хуулийн өөрчлөлтийг боловсруулж буй эрхмүүд ялгаж салган, сайтар тунгаах учиртай болох нь. Монголын уул уурхайн салбарт томоос том ангал үүссэн нь үнэн. Нэг талд нээлттэй, хариуцлагатай, ил тод компаниуд.

Нөгөө талд нь хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй, лицензийн наймаа гээчийг жинхэнэ гааруулагчид бий. Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдын хэлснээр хайгуулын лиценз авсан атлаа ажил хийхгүй, мэдээллээ өгөхгүй, зүгээр л мөнгөний оронд гүйлгээнд ашигладаг хэрэгсэл болгоод байгаа явдлыг мэдээж зогсоох хэрэгтэй.

Гэхдээ эрүүл хөгжиж байгаа хэсгээ боомилж, тэдний цаана байгаа мянга мянган хувьцаа эзэмшигчдэд алагчлалтай үйлчлэх татварын орчин байх учиргүй. Харин бүртгэлээ сайжруулж, яг л НӨАТ-ын хар машин шиг татварын бааз суурийг өргөжүүлэх шийдлүүд хэрэгжүүлж байж үр дүнтэй болно хэмээн энэ салбарт хал үзэж, халуун чулуу долоосон мэргэжилтнүүд анхааруулж байна. Уул уурхайн салбарыг хөрөнгийн зах зээлтэй холбох ажил ид өрнөж буй.

Өөрөөр хэлбэл, монголчуудын амьжиргааны тулгуур салбар мэдээллээр өдөөгдөж, мөнгөний урсгал нь гол хувьцаа эзэмшигчээ дагадаг эмзэг орчноос шууд хамааралтай болно гэсэн үг юм. “Монголын хөрөнгийн бирж давхар бүртгэлийн систем нэвтрүүлснээр гадаадын биржид бүртгэгдсэн сайн засаглалтай, хариуцлагатай компаниуд Монголд хөрөнгө оруулах боломж нээгдэж байна” хэмээн А.Билгүүн дүгнэв. Тиймээс эрүүл засаглалтай компаниудын хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж, Монголын үнийг унагах эрсдэл шинээр нэмэгдэж байгаа нь шийдвэр гаргагчдыг алдах эрхгүйг сануулж байна.

 З.Цэлмэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54841
0 эможи
keyboard_arrow_up