“Оюутолгой” төсөл Ундай голыг устгаж байна
Монгол Улсад нэн тулгамдаад буй олон асуудлын нэг нь ус болоод байна. Чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг атлаа өнөөг хүртэл монголчуудын хамгийн хайр гамгүй хэрэглэж ирсэн,бас хамгийн үнэ цэнэгүй ганц зүйлийг нэрлэ гэвээс УС гэж шууд хэлж болно. Манай сонины тун ойрмогхоны дугаарт сэтгүүлч З.Цэлмэгийн “Уушги баярлавч, усаар цангах цаг айсуй” гэсэн нийтлэл гарсан нь гарчигнаасаа эхлээд чихгүй, дүлий мэт нийгэмд нэлээн цочроо өгсөн байна билээ. Энэхүү амин чухал сэдвийг ганц манай сонин бус Монголын хэвлэл мэдээллийн бүхий л салбарынхан байнгын тусгалаа болгон онилж, түгшүүрийн харанга дэлдэх яаралтай шаардлагатай болсныг түүний эл нийтлэл хэлж байна.
Сэтгүүлчийн дурдсанаар хэрвээ бид ус хэмээх чандмань эрдэнээ энэ байдлаараа “хэрцгий” ашиглаад байвал тун ойрын жилүүдэд уух ус ч үгүй болж мэдэх бодит аюултай тулгарах болоод байна. Иймээс “Засгийн газрын мэдээ” сонин усны хомсдолын асуудлыг байнгын онцлох сэдвийнхээ нэг болгон бүхний анхаарлын төвд хандуулж, олон нийтийг хамруулан усны төлөөх үйлд бүхнийг уриалан дуудаж байгаа юм.Бөмбөрцөг дэлхийн олон улс орон усаар гачигдан, хомсдохын зовлонг амсан, балга усны төлөө биесээ хөнөөхөөс ч буцахгүй тийм цаг айсуй.
Гэтэл бидний аанай л амарлингуй байгаа маань нэг л биш ээ. Монгол Улс бол усны нөөц нь харьцангуй хязгаарлагдмал орон. Бидний боддог шиг “хаа сайгүй хар уснаас элбэг юм алга” гэвэл түүн шиг эндүүрэл үгүй. Нэн ялангуяа уул уурхай эрчимтэй хөгжиж буй сүүлийн хорь шахам жилүүдэд хүний үйл ажиллагаанаас хамаарч хэчнээн гол,горхи,булаг, шанд, нуур цөөрөм ширгэж устсан билээ.Хэрэв би андуураагүй бол 1500 гаруй гол, горхи дахин сэргэхгүйгээр ширгэсэн гэсэн статистик гарсан байсан. Ингээд ус тойрсон цувралынхаа ээлжит сэдвийг Өмнийн говийн зүгт хандуулж байна.
Голын голдрилыг тэд дур мэдэн зөвшөөрөл авалгүй өөрчилжээ
Монголын говьд өрнөсөн дэлхийд томд тооцогдох уул уурхайн “Оюутолгой” төслийн хэзээ хүртэх нь тодорхойгүй үр ашгаас өмнө говь нутаг усны нөөцгүй болж байгаа юм байна. Тухайлбал, “Оюутолгой”-н үйл ажиллагаанд ашигладаг гүний худгуудын улмаас тэр бүс нутгийн газрын гадаргын усны нөөц алдагдаж, орон нутгийн малчдын худаг ширгэж эхэлсэн төдийгүй цаашдаа гүний усны нөөц бохирдох эрсдэлтэй болсон тухай таагүй мэдээг сонслоо. Олон улсын “Independent Environmental and Social Consultant” хэмээх байгууллагаас “Оюутолгой”-н уурхайн үйл ажиллагаанд аудит хийж, зөвхөн ундны усны нөөц, тэр тусмаа Ундай голын нөөцөд хэрхэн нөлөөлж буй талаар гаргасан судалгааны тайландаа эл мэдээг дурджээ.
Ундай гол нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Зайсангийн хэцийн нурууны хажуу бэл, 1461.5 метр өндөр нэргүй уулын өвөр хажуугаас ундарга авч, Галбын говь хүртэл 120 км урсдаг байсан урт гол юм. Голын сав газрын талбай нь 1390 хавтгай дөрвөлжин километр бөгөөд “Оюутолгой”-н уурхайн зөвшөөрөлтэй талбайг хойноос зүүн тийш дайран өнгөрдөг байна. Орон нутгийн цэвэр усны нөөцийг хангагч эл гол үйл ажиллагаанаас хамаарч ширгэж байгаа.
Тиймээс “Оюутолгой” компанийн зүгээс “Ундай голыг хамгаалах, голын голдрилд хэсэгчлэн тохируулга хийх” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм билээ.Гэвч төслийн үр дүн эсрэг эргэж, Ундай гол улам багасах болсны учир шалтгааныг тодруулахаар 2014 онд хийсэн аудитаар төслийн хэрэгжилтэд алдаа гарсан тухай өгүүлжээ. Аудитын тэрхүү дүгнэлтэд Ундай голыг уурхайн талбайгаас тойруулан гаргах төслийн биелүүлэлт төлөвлөсөн хугацаанаас хойшлогдож байгааг анхааруулан тэмдэглэсэн байдаг. Голын голдрилыг өөрчлөхөд уурхайн зөвшөөрөл бүхий талбайгаас гадна илүү талбай хэрэгтэй болсон бөгөөд орон нутгийн засаг захиргаатай шаардлагатай талбай гаргуулах талаар зөвшилцөөд тохиролцоогүйн улмаас төсөл зогссон байна.
Энэ хугацаанд Ундай голын урсгалын зарим хэсэг уурхайн ил нүх болгон руу орж тасалдахад хүрчээ. Тухайн жилийн хур тундаснаас хамааралтай түр урсац бүхий олон салаануудтай Ундай гол өмнө нь жилд дунджаар 3-4 удаа үерлэх ба хур бороо элбэгтэй жилд 9-10 удаа ч үерлэдэг байсан гэдэг. Харин аудитын ажиглалтаар Ундай гол 2010 оны есдүгээр сараас хойш нэг ч удаа үерлээгүйгээр барахгүй, эдүгээ гол бараг ширгэсэн байна. Дээрх төслийг эхлүүлэхээс өмнө голын голдрилыг өөрчлөх төслийн үйл ажиллагаа гадаргын усны нөөц, чанарт ямар эрсдэл авчирч болохыг доорх хүснэгтээр ангилж байжээ.
Гарах эрсдлүүдийн ихэнх нь магадлал өндөр байсан учраас компанийн зүгээс урьдчилан сэргийлэх олон үйл ажиллагааг авна хэмээн төлөвлөсөн байв. Гэвч энэ бүхэн цаасан дээр үлдэж, эрсдлүүд аль хэдийнэ биелж эхэлсэн байна. Аудитын дүгнэлтээр бараг гол болж урсдаг байсан Бор-Овоогийн булаг бараг ширгэсэн бөгөөд малчдын ундны усны хэрэгцээг хангах боломжгүй болсон байна. Энэ бол “Оюутолгой”-н уурхайн үйл ажиллагаа зөвхөн Ундай голын нөөц, чанарт төдийгүй ойр орчмын усны ундаргад хэрхэн нөлөөлж буй тухай дүгнэлт юм. Үүнээс гадна газрын гадарга, агаарын чанар, хөрс, усны нөөц, ургамлан бүрхэвч, амьтны аймаг, нийгэм гээд олон хүчин зүйлд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсныг хэн ч тооцохгүй байх шиг байна.
Экосистемийн сүйрч буй эмгэнэлт нөхцөл байдлын эсрэг “Оюутолгой” компанийн зүгээс болон аймаг, орон нутгийн засаг захиргаанаас яаралтай арга хэмжээ авахгүй бол оройтож мэдэхээр болжээ. “Оюутолгой” компани хамгийн хүчтэй насосоор тоноглосон худаг олон арвыг гарган говийн гүний усыг өдөрт хэдэн сая шоо литрээр нь шавхаж байгаа. Үүнээс болж малчдын нь гаргасан, олон арван жилээр өөрсдөө хийгээд мал сүргийнхээ умдааны хэрэгцээг хангаж ирсэн худагнуудын ундарга эрс багасан, олон арваараа ширгэх боллоо. Бид уул уурхай даган хошуурсаар хамгийн амин чухал бүхнээ золиослох болсны ганц жишээ энэ юм.
Төсөл хэрэгжүүлж, судалгаа хийсээр байтал нэг гол амь тавьж, Монгол Улс нэг голоор дутлаа
Төсөл хэрэгжүүлж, судалгаа хийсээр байтал нэг гол амь тавьж, Монгол Улс нэг голоор дутлаа. Ундай гол ширгэснийг сүүлийн хэдэн жил дараалсан ган гачигт холбогдуулан тайлбарлах гэж “Оюутолгой”-н удирдлагууд хичээж, дарга даамлуудад итгүүлж дөнгөдөг ч, нутгийн иргэд, малчдыг хуурч чаддаггүй юм. Өмнийн говийн Ханбогд сум орчмын усны гол эх үүсвэр болж байсан Ундай голыг хүний артерын судастай зүйрлүүлж болно. “Оюутолгой” компани энэхүү артерын судсыг таслаад хаячихлаа. Тэд ил уурхайн талбай дээгүүр урсаж байсан гэдэг шалтгаанаар Монгол Улсын эрх мэдэл бүхий байгууллагуудаас ч зөвшөөрөл авалгүй голын голдрилыг дур мэдэн өөрчилсөн юм билээ.
Нутгийн иргэд, малчдын гомдлыг Энэ хугацаанд Ундай голын урсгалын зарим хэсэг уурхайн ил нүх болгон руу орж тасалдахад хүрчээ. Төсөл хэрэгжүүлж, судалгаа хийсээр байтал нэг гол амь тавьж, Монгол Улс нэг голоор дутлаа барагдуулахын тулд гурван талт зөвшилцөл гээчийг компанийн зүгээс санаачилж хохирлыг барагдуулна гэж байгаа ч нүд хуурч, цаг хожсон алхам болох төдийг өмнөговьчууд эдүгээ ойлгож буй биз. Өнөөдөр мөнгийг уснаас эрхэмд үзэн, амаа хамхин, нүдээ аниад явж болох хэдий ч, удахгүй дусал ч усгүй болж хүн, малгүй харангадахын цагт мянган уурхай байгуулж,нүүрс, алт ,зэс олборлоод ч яах билээ. Манай сонин энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндөж, Монгол орны хэмжээнд усны нөөц багасах эрсдлүүдэд аудитын шинжилгээгээр ямар дүгнэлт гаргасныг дэлгэрүүлж мэдээлэх болно.
Ш.Даваадорж