Алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах бодлогын шийдлүүд

2018 оны 2 сарын 05

Өнөөдөр дэлхийн уул уурхайн салбарт шийдлээ хүлээсээр байгаа нэгэн халуун сэдэв бол бичил уурхай юм. Манай урд хөрш Хятадад л гэхэд нүүрсний салбарт 9 сая гаруй бичил уурхайчин ажиллаж, нийт олборлосон нүүрсний 11 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа нь нүүрсний гол аваргууд болох Австрали, Канадын олборлолттой өрсөлдөхүйц дүн юм. Алтны үйлдвэрлэлд бичил уурхайчдын оролцоо жилд 1,000 тонн хүрч байгаа нь алтны үнэд шууд нөлөөлөхүйц хувь хэмжээ ажээ.

Бичил уурхайн тэлэлт нь жилээс жилд даяаршиж байгаагийн нэг илрэл нь өнгөрсөн оны байдлаар манай гариг дээр 40 сая гаруй бичил уурхайчид энэ салбараас амьдралаа залгуулсан ба тэдний 5 сая орчим нь эмэгтэйчүүд, сая гаруй хүүхэд байжээ. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар  уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, улс төрийн сөргөлдөөний улмаас ирэх жилүүдэд бичил уурхайчдын тоо өсөх хандлагатай аж.

Хөдөө аж ахуй, орон нутгийн өрхийн аж ахуйгаас бичил уурхай уруу шилжих хөдөлгөөн хамгийн их байдаг юм байна. Үндсэн шалтгаан нь бичил уурхайчны олох орлого уламжлалт аж ахуйгаас олох орлогоос харьцангуй өндөр байх боломжтой. Тухайлбал, Угандад бичил уурхайд ажиллах нь ферм, ой, загасны аж ахуйд ажилласнаас дунджаар хорь дахин их орлого олох боломжтой гэж нутгийн иргэд үздэг нь судалгаанаас харагдсан байна. Либери улсад уламжлалт аж ахуйд ажилласнаас 17-50 дахин их ашиг олох боломжтой учраас эрсдэл өндөртэй, ч гэсэн бичил уурхай уруу олон мянгаараа зүтгэдэг байна. Ялангуяа алт, алмаз зэрэг үнэт металл гэнэт олсон ганц нэг “азтайчуудын” түүх олон мянган бага орлоготой хүнийг бичил уурхай уруу даллан дууддаг.

Монголд ч гэсэн тэр аймгийн энэ суманд тэр гэдэг хүн хуруун чинээ алт олжээ гэсэн мэдээ үнэн худал нь мэдэгдэхгүй түгмэгц богино хугацаанд хэдэн мянган хүн тухайн газарт ирдэг гэдгийг уншигчид өмнө нь  анзаарсан байх. Манай нийгэмд бичил уурхайчдын давхарга 60 мянга гаруй хүнийг бүрдүүлж байгаа нь 300 мянга орчим хүний амьдралыг залгуулдаг мал аж ахуйн салбарын дараа орох том “ажлын байр олгогч” салбар болоод байгаа юм. Дээр нь малын гаралтай түүхий эдийн үнэ унасан, зуд турхан, ган гачиг, цөлжилт нүүрлэсэн үед цөөн малтай малчид амьжиргаагаа олохын тулд өөрсдөө улирлын чанартай уурхайчин болдог гэдгийг авч үзвэл энэ үзүүлэлт улам өсөж малчдын тооноос дутахгүй гарна. 300 мянган малчин маань 300 мянган бичил уурхайчин болж хувирах магадлалтай гэсэн үг. 

Ийнхүү бичил уурхайчдын тоо өсөхийн хэрээр бичил уурхайг хааж хориглохоос илүүтэй зохицуулах, ил тод байлгах, хамтран ажиллах бодлогыг дэлхийн улсууд илүүтэй чухалчлах болжээ. Олон улсын туршлагаас харахад бичил уурхайг шууд хориглосон олон улс орон байна. Гэвч бичил уурхайг шууд хориглосноор бичил уурхайчид алга болохгүй улам далд, зохион байгуулалт бүхий гэмт хэрэгжсэн хэлбэрт шилждэг байна. Зарим нэг шашны мөргөлдөөн эсхүл иргэний дайнд сүйдсэн оронд хууль бус олборлох салбарынхны “нууц арми” хүртэл байгуулагдаж улмаар хууль ёсны Засгийн газартайгаа сөргөлдөөний хэлбэрт татагдан ордог аж.

Голдуу Латин Америк, Африкийн зарим орон ашигт малтмал дээр төрийн юм уу цэргийн монополь хяналт тогтоох замаар зохицуулалт хийх гэсэн нэг туршилт байна. Харамсалтай нь энэ “зохицуулалтын” эцсийн очих цэг нь бичил уурхайчдад эсхүл тухайн улсын нийт иргэд ашиг хүртэхээс илүүтэй хөдөлмөрийн мөлжлөг, дарангуйлалд өртсөнөөр дуусдаг байна. Төрийн энэ монополь хяналтаас хамгийн их хождог нь засгийн эрх ээлжлэн баригч улс төрчид, цэргийн мэдэлтнүүд, хар зах зээлийн зуучлагч картелиуд л юм. 

Бичил уурхайгаас олборлосон ашигт малтмалын эзлэх хувь дэлхийн зах зээл дээр  нэмэгдэхийн хэрээр эргэлдэх мөнгөний тоо хэдэн тэрбум доллараар хэмжигдэх болов. 2011 оны байдлаар дэлхийн зах зээлд жилдээ гарч буй нийт алтны 15 орчим хувийг бичил уурхайчид нийлүүлсэн бөгөөд энэ нь зарим африкийн орнуудын алтны нийт экспортоос ч давсан тоо юм. Ийм өндөр хувь нь алтны үнэд нөлөөлөөд зогсохгүй орлогын үлэмж хэсэг нь хар зах зээл дээр хяналтгүй эргэлдэж наанадаж хүний эрхийн зөрчил, татвараас зугтах цаанадаж хууль бус этгээдийн бүс нутгийн мөргөлдөөн, зэвсгийн наймаа, терроризм санхүүжүүлэх эх үүсвэр болж эхэлснээр олон улсын байгууллагууд бичил уурхайн нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад дэмжлэг үзүүлж улмаар стандартчилах боллоо. 

Дэлхий даяар өрнөж буй нийлүүлэлтийн сүлжээ буюу гарал үүслийг ил тод болгох санаачилга өмнө нь сайн дурынх байсан бол одоо заавал биелүүлэх шаардлага болох чигтэй байна. Тус шаардлагад хамгийн ихээр тохирох, ашигт малтмалын цаашдын зах зээл дээр үр ашгаа өгөх зохицуулалт олон улсын туршлагаас харахад Private Public Partnership буюу PPP гэж томьёологддог төр хувийн хэвшлийн түншлэл юм.  Энэ зохицуулалтын давуу тал нь төр хувийн хэвшил хамтран ажилласнаар алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгоход оршдог. Алтны нийлүүлэлтийн сүлжээг ил болгож улмаар алтны худалдаа хяналтыг боловсронгуй болгож чадсан Танзани улсын жишээг энд дурдахад нь зүйтэй гэж үзлээ. Танзани улс Дэлхийн банкны туслалцаатайгаар төр хувийн хэвшлийн түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн ба ингэхдээ хоёр зорилт дэвшүүлж ажиллажээ. 

Эхнийх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах замаар бичил уурхайчдын ажиллах стандартыг тогтоож өгчээ. Юуны өмнө бичил уурхайчдын олон хэвшлийг хүлээн зөвшөөрч нийт дөрвөн хэлбэр байгааг тогтоон тухай бүрд нь тохирох ялгаатай бодлого хэрэгжүүлсэн байна. Тэдгээрийн нийлүүлж буй алтны татвар, Дэлхийн банкны санхүүжилтээс бичил уурхайчдын амьдралын орлогыг төрөлжүүлэх, техникийн туслалцаанд зориулан тусгай сан бий болгосноор тэдний идэвх илт нэмэгдэж бүртгэлтэй бичил уурхайчдын тоо өсөх, алтны нийлүүлэлт ил тод болж эхэлжээ. 

Дараагийн бодлого нь дэлхийн зах зээл дээрх алтны “шударга үнэ”-ийн мэдээллийг бичил уурхайчдад тогтмол өгч мэдээлэлтэй болгосноор уурхайчид бүртгэлгүй наймаачдад алтаа бага үнээр өгөхөө больж албан лицензтэй зуучлагчдад түлхүү худалдаалах эдийн засгийн хөшүүрэг буюу сонирхлыг нь өдөөжээ. Энэ нь эргээд Танзани улсын засгийн газарт алтны нийлүүлэлтийг ил тод байлгах, гарал үүслийг тодорхойлох, хамгийн гол нь татвараа бүрэн авах боломжийг нэмэгдүүлсэн байна. 

Алтны нийлүүлэлтийг албажуулах нь бүртгэлгүй хар зах зээлээс илүү шударга худалдаа юм гэдгийг бичил уурхайчдад ойлгуулах нь үр дүнтэй төдийгүй ийм шударга худалдаа нь тэдэнд алтны борлуулалт хийхэд нь төрийн хүнд сурталгүй үйлчилгээг санал болгодгоороо PPP түншлэлийн гол давуу тал юм байна. Монголд алтны нийлүүлэлтэд учирч буй гол бэрхшээл бол (төр бодлогын хувьд дэмжиж буй гэдэг ч) алт худалдан авах үйлчилгээний дэд бүтэц маш сул, чирэгдэлтэй байгаад юм. Бусад улсын жишээг харахад төв банкнаас нь алт худалдан авалтын хөтөлбөрийг баталж бичил уурхайнууд дээр алт худалдан авах түргэн үйлчилгээний цэгүүдийг байгуулдаг байна.

 Жишээ нь Филиппиний төв банкнаас алтны худалдааны хөтөлбөрийг 1991 онд баталж бичил уурхайтай ойролцоо нийт таван газар алтны худалдааны түргэн үйлчилгээний цэг байгуулсан. Энд өглөө есөн цагаас өдөр 14 цагийн хооронд бичил уурхайчид, худалдаачид ирж алтаа шууд худалддаг. Гудамжинд байршуулсан эдгээр цэгүүдэд жин хэмжүүрийн стандартыг мөрдүүлж, алтны гарал үүслийн гэрчилгээг тогтоож бичил уурхайчид, нөхөрлөл, алтны худалдаачдыг бүртгэлийн программд оруулдаг ажээ. Хамгийн чухал нь алтыг рентген аппарат буюу сорьцыг түргэн хугацаанд тогтоох төхөөрөмжийг ашиглан тогтоогоод төлбөрийн 70-80%-ийг бэлнээр өгөөд үлдсэнийг нь алтны албан ёсны сорьц тогтоонгуут үлдэгдэл төлбөрийг дансаар шилжүүлдэг байна. 

Коти ди Вуар улсад 1980 аад оны сүүлээс эхлэн тухайн бичил уурхайгаас олборлосон алтыг бичил уурхайчнаас төрийн байгууллага болон орон нутгийн (тосгон) ахлагч оролцсон тусгай хэсэг шууд газар дээр нь худалдан авдаг байна. Ингэхдээ нийт алтны төлбөрийн 80 хувийг бичил уурхайчинд өгч үлдсэн 8 хувийг рояалти хэлбэрээр авч 12 хувийг тосгоны төсөвт оруулж төр хувийн хэвшлийн түншлэлийг ашигласан туршлага бий. Африкийн Гана улсын хувьд ч алтны худалдааг либералчилж, алтны худалдааг бичил уурхайд хийх эрхтэй компани байгуулснаар хилийн хууль бус алтны худалдаа үндсэндээ багасжээ. 

Харин Боливийн засгийн газар төв банкны алтны худалдааны хөтөлбөрийг нээснээр алтны нууц худалдаачид болон Боливи-Бразилийн хил дээрх алтны хууль бус худалдааны сүлжээнд том цохилт өгч чадсан төдийгүй тухайн улсын хууль ёсны алтны үйлдвэрлэл 25 хувиар өсжээ. Боливи дэх алт худалдан авах түргэн үйлчилгээний цэгүүд нь том хотуудад биш харин бичил уурхайн ойролцоох зам, жижиг суурин зэрэг бичил уурхайчид очиход дэд бүтцийн хүндрэлгүй газруудад чөлөөтэй нээж эхэлсэн байна. Мөн үүнтэй ижил хөтөлбөрийг Этиопид амжилттай хэрэгжүүлжээ. 

Дээрх жишээнүүдээс харахад тухайн улсын төв банкнаас гаргаж буй алтны худалдааны хөтөлбөрүүдийн бодлогын үндсэн шийдэл нь бичил уурхайчдын бүртгэлийг сайжруулж хууль ёсны болгох, тэдний худалдаалж буй алтны анхны үнийг бууруулахгүй тогтвортой барих, стандартыг нэмэгдүүлэх, алтны худалдааны сүлжээнд оролцогчдын тоог бууруулах, орон нутгийн төсвийг дэмжих, татвараа бүрэн авах гэсэн таван том зорилтыг тавьдаг байна. 

Статистикаас үзэхэд Монголбанк 2017 онд худалдан авсан 20 тонн алтны 63 хувь нь иргэдээс тушаасан алт байгаа юм. Мөн он гараад 2018 оны 1 дүгээр сарын 11-нийг хүртэлх өдрүүдэд 682 кг алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 хувиар өссөн дүн юм. Мэдээж Монголын бичил уурхайчдад ийм хэмжээний алтыг Монголбанканд нийлүүлэх хүчин чадал байхгүй тул аж ахуйн нэгжүүд татвараас зугтаан иргэдийн дүрээр алтаа тушаасаар байгаа нь нэгэнт нууц биш. Эндээс үзэхэд алтны нийлүүлэлт ил тод бус, гарал үүсэлгүй байгаагаас авч чадаагүй татварын хэмжээ нь хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигдэх боломжтой.

Өөрөөр хэлбэл ор нэр төдий “бодлогын дэмжлэг” гэдгээр халхавчилсан идэвхгүй байдлын цаана улс татвараа өсгөх асар том нөөц боломжийг хоосон өнгөрөөж байх боломжтой. Тэгэхээр алтны гарал үүсэл, худалдааны сүлжээг хэрхэн ил тод болгохын тулд орон нутагт хувийн хэвшил болон арилжааны банкнуудтай хамтарсан алт худалдан авах цэгүүдийг байгуулах зайлшгүй шаардлага бий болсныг илтгэж байна. 

Алтны нийлүүлэлтийн сүлжээ гэдэгт салбарын яам, агентлагууд, Монголбанк, Сорьцын хяналтын газар, Сангийн яам, орон нутгийн удирдлагууд, алтны худалдаачид, бичил уурхайчид өөрсдөө гээд нэлээд өргөн хүрээний оролцогч хүмүүсийг ширээний ард суулган хэлэлцэх хэрэг гарна. Бичил уурхайчдын ашиг сонирхол, сэдлийг төрүүлэхүйц дэд бүтэц, түүнийг дагасан үйлчилгээг бичил уурхайчдын оролцоогүйгээр гаргах боломжгүй, амьдрах чадваргүй үйлчилгээ гаргах эрсдэл байна. Энэ төрлийн мэдлэгийг бичил уурхайчид төдийгүй том уурхайчдад ч олгож алтны нийлүүлэлтийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж буй олон улсын туршлагыг нэвтрүүлэх цэг нэгэнт иржээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53380
0 эможи
keyboard_arrow_up