Шатахуун импортлогчид онцгой албан татвараа төлж чадахгүй бол лицензээ буцаагаад өг
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛДЭГ НЭГ Ч ТҮГЭЭХ СТАНЦ ХААГААГҮЙ
Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клуб 2018 оны эхний хэлэлцүүлгээ "Шатахууны үнэ ханш эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр эхэллээ.
Уг хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав оролцож байна.
Жижиглэн хэрэглэгчид хомсдолтой нүүр тулсан бол уул уурхайн компаниуд гэх мэт томоохон ААН-үүд хэвийн ажиллаж байна.
Манай улсад нийт 100 ААН шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэйгээс одоо 87 ААН үйл ажиллагаа явуулж байна.
Гэвч шинэ оны дараахнаас жижиглэн худалдааны хомсдол үүсэж, зарим шатахуун түгээх станцууд борлуулалтаа хумин, засвартай хэмээн зарим станцаа хаасан. Мөн хамгийн өргөн хэрэглэдэг шатахуун болох АИ 92-ийн борлуулалт буурсан юм. Иймд шатахууны хангамж хэд хоногийн нөөцтэй байгаа, үнэ өсвөл ямар хэмжээтэй өсөх, өсөх бодит үндэслэл бий юу зэрэгт хариулт авахаар хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат: 2016 оны наймдугаар сард Засгийн газрын тогтоолоор Шатахууны үнийг зохицуулах зөвлөлийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой (нийт 9 гишүүнтэй) байгуулсан. Бид нийт 8 удаа хуралдсан. Энэ зөвлөл хуралдаад зөвлөмж гаргадаг. Бид хамгийн сүүлд буюу энэ сарын 9-нд хуралдаад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох А 80, 92 түлшний үнэ, хангамжийг хэвээр үлдээх, Евро 5, дизель түлшний үнийг хэрэглэгчдэд дарамт болохгүйгээр, үе шаттайгаар зах зэлийн горимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Эс бөгөөс хангамжид саатал үүсэх эрсдэлтэй. Хэрэглэгч тодорхой ачаалал үүрэхээс өөр аргагүй. Валют руу шилжүүлбэл нэг литр авто бензиний үнэ 67-70 цент буюу бусад улс орнуудын үнээс доогуур байна. Дэлхийг дунджаас 3 цент доогуур.
Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлснээр өдрийн цагаар шатах, тослох материал түгээхийг хоригложээ. Иймд түгээлт саатан, авто бензиний эрэлт өссөн.
МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав: 2009 онд мөн л ийм асуудал тулгарч, төрөөс татаас өгөх замаар гал унтрааж байсныг юуны өмнө сануулъя. 2011, 2012 онд ч мөн адил үйл явдал өрнөсөн. Энэ бүхэнд төр татварын бодлогоор шатахуун импортлогчдыг дэмжин, ам.долларын үнийг хямд барих зэрэг хүч хэрэглэсэн арга хэмжээ авсаар ирлээ. Ингэж чөлөөт зах зээлээс 8-9 жил их дайжлаа. Энэ нь явсаар одоо тэсрэх гэж байх шиг байна.
Хэрэглэгчдийн хэрэглээг танах замаар ААН-үүд эрх баригчдад нөлөөлөхөөр оролдож байгаа нь буруу. Учир нь уул уурхайн компаниуд шатахууны хомсдолтой нүүр тулаагүй байна. Тэд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Импортлогчид өнөөдөр яагаад энд ирсэнгүй гэхээр тусгай зөвшөөрлөө хураалгах вий гэж айж байна. Мөн ОУВС-тай хамтарснаар манай улс нийт 3 тэрбум ам.долларын гадаад зээл авах үүдийг нээсэн. Энэ боломжоос хоцрох юий ч гэж эмээж байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав
ОНЦГОЙ ЭРХТЭЙ КОМПАНИД Л ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НОГДУУЛДАГ. ТАТВАРАА ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЛИЦЕНЗЭЭ БУЦААГААД ӨГ
Хилийн үнэ өссөн, Онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогчид литр тутамд 100-200 төгрөгийн алдагдал хүлээж байна. Компаниуд буяны байгууллага биш. Миний байр суурь бол үнийг чөлөөлөх. Махны үнэ өссөн ч удалгүй эргээд буусан. Яг үүн шиг л үйл явц өрнөх тул санаа зовох хэрэггүй. Төр ААН-үүдийн дотоод үйл хэрэгт битгий оролц. Дөрөвдүгээр сар хүртэл тэс гэж шахаж байна. Уучлаарай, бид засгийн газрыг сайхан харагдуулах гэж ажилладаггүй.
Төр ААН-үүдээс ирэх дөрөвдүгээр сар хүртэл үнээ нэмэлгүй, барихыг шаарджээ.
Үнээ нэмнэ гэхэд нь төр эргүүлээд тухайн компаниудыг тусгай зөвшөөрлөөр нь барьцаалж байгаа нь ч буруу юм. Иймд үнийг чөлөөтэй буюу зах зээлийн жамаар нь зохицуулах ёстой гэж МҮХАҮТ үзэж байна.
Үүний тулд компаниудын тоог буюу энгэ салбарт тоглогчийн тоог өсгөх хэрэгтэй.
Өнгөрсөн тавдугаар сард нэг чухал журам баталсан нь Евро 4 болон 5 стандартын шатахууны тухай юм. Эдгээр шатахууныг хэрэглэснээр тээврийн хэрэгсэлдээ ч эвдрэл гэмтэл бага.
Манай улс нийт газрын тосныхоо 90 хувийг ОХУ-аас ам.доллараар худалдан авдаг. Ингэхдээ тус улсын Роснефть компаниас авчирдаг. Нийт газрын тосны 80-90 хувийг уул уурхайн компаниуд худалдан авдаг. Гэтэл тэдэнд шатахуун нийлүүлдэг нэг ч станц үүдээ бариагүй. Тэгсэн атлаа жижиглэн хэрэглээгээ танасан. Хэрэглэгчдийг шийтгэх замаар асуудлаа шийднэ гэвэл ААН-үүд гоомой байна л гэж би хэлнэ. Онцгой татварыг онцгой лиценз эзэмшдэг компаниудад л тавьдаг татвар. Зах зээлийг нь төр хамгаалж байдаг. "Гайхалтай" бизнес. Ийм байтал яагад онцгой албан татвар төлөхөөс зугтаж байгаа юм? Чадахгүй байгаа бол тусгай зөвшөөрлөө худалд эсвэл төрд буцаагаад өг. Энэ бизнесийг хийе гэсэн олон компани бий. Сүүлийн 10 жилд энэ салбар их хаалттай болж, төрөөр янз бүрийн шийдвэр гаргуулж чаддаг болсон.
Уг нь манай улсад татварыг зөвхөн УИХ тогтоодог. Гэвч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ эрхээ эдлэх эрхгүй болчихлоо. Энэ нь тийм ч таатай зүйл. Тус сангийн дараагийн ажлын хэсэг энэ сарын 25-нд буюу пүрэв гарагт Улаанбаатарт ирж, арав хоногийн хугацаатай ажиллана. Энэ үеэр шатахууны онцгой албан татварыг эргүүлэн бууруулах, тэтгэврийн насыг уртгасгах эсэх, ХХОАТ-ын асуудлыг талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зөвшилцөнө. Ч.Хүрэлбаатар сайдын авьяас л мэднэ дээ.
Мөн ААН-үүд шатахуунаа ам.доллараар авч, энд авчраад төгрөгөөр борлуулдаг тул шатахуун импортлогчид алдагдал хүлээж байна.
ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ АСУУДЛЫГ ТАТВАРААР ЗОХИЦУУЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.ЧулуунбатЧ.Чулуунбат:
Сүүлийн 10 жилд төр газрын тосны жижиглэнгийн үнийг тогтвортой барих бодлого баримталлаа. 2007 онд 3 тэрбум, 2008 онд 7.9 тэрбум төгрөгийн татаас олгосон.
Сангийн яамны удирдлагууд ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй энэ талаар санал солилцон, интервалаар зохицуулах боломж бий эсэх талаар ярилцана.
2011-2015 оны хооронд "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжүүлсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнөөр манай улсад дагаад өссөн. Иймд 2016 оноос хойш 3 удаа Онцгой албан татвараа бууруулсан. Гэвч ОУВС-тай хамтран ажилласнаар Засгийн газар өнгөрсөн оны долоо, арван нэгдүгээр сард бууруулчихсан онцгой албан татвараа өсгөх шаардлага бий болсон. Үүний улмаас импортлогчид алдагдалд орж эхэлсэн нь бодит үнэн. Засгийн газар энэ асуудлыг татвараар зохицуулах ямар ч боломжгүй.
Гэхдээ Сангийн яамны удирдлагууд ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй энэ талаар санал солилцон, интервалаар зохицуулах боломж бий эсэх талаар ярилцах юм билээ.
АИ 92 шатахууны үнэ арваад жилийн өмнө 1600 орчим төгрөг байсан. Гэтэл одоо дэлхийн зах зээлд хэд болоод байна. Иймд бид үнийг аажмаар чөлөөлөн, зах зээлийн горимд шилжүүлнэ. Төрөөс үнийг хүчээр барих нь цаашид явцгүй. Гал унтраасан, цаг зуурын арга хэмжээ биш, бодитой, дорвитой алхам хийх цаг болсон.
Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд шатахууны үнэд голлон анхаарсны улмаас чанар, хангамж орхигдсон. Агаарын бохирдлын багагүй хувийг чанаргүй шатах тослох материал эзэлж байна. Иймд шинэ стандарт баталлаа. Энэ оны байдлаар нийт импортлогчдын 7 хувь нь Евро5 буюу эко шатахуун нийлүүлж байгааг өсгөн, 50 хувьд хүргэнэ. Үүний тулд зөвхөн Евро 5 түлшний онцгой албан татварыг бууруулна. Газрын тосны завсрын бүтээгдэхүүн болох нафтий, керосинд нэмэлтээр онцгой албан татвар ногдуулна. Учир нь эдгээр нь чанаргүй газрын тосны бүтээгдэхүүний түүхий эд болдог. Эдгээр саналаа Сангийн яаманд хүргүүлсэн.
Ашгийн тухайд импортлогчид 3 хувийн маржийн ашигтай ажиллахыг зөвшөөрдөг. ААН-үүд өнгөрсөн оны гуравдугаар улирлаас хойш алдагдал хүлээж байна.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу шатахуун импортлогчид нэг ам.долларыг 1470 төгрөгөөр тооцон, Монгол банкнаас нийт 3 тэрбум төгрөгийн зээлийг 3.8 хувийн хүүтэй зээл авсан. Зээл авсан компаниуд зээлээ бүгдийг нь хугацаанд нь эргүүлэн төлсөн. Гэхдээ энэ алдаатай бодлогыг дахин давтах шаардлагагүй.
Гэвч Монголбанкны 3 тэрбум төгрөгийн алдагдал дунд газрын тосны бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр багагүй хувь эзэлсэн гэдгийг Б.Лхагважав дарга хэлсэн юм.
16:02 өчигдөр
Б.Лхагважав: Сүүлийн арван жилд бидний худалдан авдаг шатах тослох матеиал ихээхэн өссөн. Энэ нь эдийн засаг тэлснийг харуулна. Уул уурхайн компаниуд болон иргэдийн хэрэглээний шатахуунд өөр өөр татвар ногдуулах нь зөв. Ингэж хэрэглээгээ ангилах ёстой. Ганц үнээр бүгдийг зохицуулж болохгүй.
Үнэ чөлөөллөө гэнгүүт импортлогч компаниуд бөөн ашиг суутгаад, өндөр үнээр борлуулахгүй. Бүтээгдэхүүний өртөгтөө 3 хувийг л нэмнэ. Үүнийг төр юундаа хаагаад байдаг юм бэ? Одоогийн 87-г 160 болгох хэрэгтэй. Тэгсэн ч дарамтлаад байвал ШТС-уудын газрыг төр эзэмшиж байгаа тул дуудлага худалдаагаар зарах хэрэгтэй. Гэхдээ ингэж чих мушгих маягаар биш, зөвшилцлөөр асуудлаа шийдчихвэл.
Эрэлт, нийлүүлэлтийн талаар 27 жил суралцлаа. Социализмын 70 жилд ч үнийг зохицуулж чадаагүй юм шүү. Үнийн өсөлтөөр далимдуулан, энэ салбарыг эргүүлэн нийгэмчлэх талаар ярих боллоо. Уучлаарай, тийм зүйл байхгүй. Төр энэ салбарт татвар, тусгай зөвшөөрлөөр дамжуулан оролцох нь зөв.
17:55 өчигдөр
Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчид сэтгүүлчийн асуултад хариуллаа.
-Дэлхийн зах зээлд шатахууны үнэ хямд байхад манай улсад огт нөлөөлдөггүй атлаа одоо өсөнгүүт бүгд энэ талаар ярьж байна. Үүнд иргэд их бухимддаг.
-Манай улс нийт газрын тосны бүтээгдэхүүнийхээ 90 хувийг ОХУ-аас авдаг. Ингэхдээ тус улсын Роснефть группын Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 80 хувийг нь авдаг. Үнийг тооцохдоо өмнөх сарын Сингапурын биржид (1-25-ны өдөр зарласан) зарласан авто бензин, дизелийн түлшний дундаж үнээс хамааруулан, тусгай томьёоллоор тооцон, сэпэти Наушки, сэпэти Эрээнцав, сэпэти Абаза гэсэн боомтуудаар нэвтрүүлдэг. Өнөөдрийн байдлаар нэг тонн газрын тос 66-70 ам.доллар байна. 2011 онд нэг ам.доллар 1300 төгрөг байхад ч нэг литр шатахуун 1600 төгрөг байсан. Тухайн үедээ 1.27 ам.доллар байжээ. Одоо нэг ам.доллар 2430 төгрөг болсон. Гэхдээ 2011 онд Онцгой албан татвар болон гаалийн албан татварыг тэглэсэн.
Төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш сүүлийн 4 жилд 80 хувиар унасныг бодолцох хэрэгтэй. Энэ нь импортын бүхий л компанид нөлөөлдөг.
Эх сурвалж: gogo.mn
|