Д.Ариунболд:Монголчууд Тавантолгойгоо өөрсдөө олборлох бүрэн боломжтой
Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа, олборлолт, борлуулалт ямар байна вэ? Баруун, Зүүн Цанхиас тус бүр хэр хэмжээний нүүрс олборлож, экспортлоод байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил 13 сая тонн нүүрс олборлож, 11.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар 7.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Өнгөрсөн онд 7.3 сая тонн нүүрс экспортолсон. Үндсэндээ өнгөрсөн оны хийсэн ажлаа одоогийн байдлаар хийчихээд байна. Баруун Цанхиас 2.7 сая, Зүүн Цанхиас 4.8 сая тонныг экспортолсон. Төлөвлөгөөндөө нэлээд дөхөж очих болов уу гэж найдаж байгаа. Найдаж гэсний учир нь компанийн үйл ажиллагаанаас үл хамааран дэд бүтэц, хил гаалийн асуудлаас шалтгаалан экспортын хэмжээ буурч байгаатай холбоотой.
Гэхдээ төлөвлөсний дагуу улсад төвлөрүүлэх татвар хураамж болон компанийн олох цэвэр орлогын хэмжээ биелэх боломжтой. Эхний хагас жилийн байдлаар 280 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Гуравдугаар улирлын дүн хараахан гараагүй ч баримжаагаар 343 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан дүнтэй байх болов уу. Аравдугаар сарын байдлаар 977 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого хийчихээд байна. Мөн улсад татвар, хураамжаар 220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Оны эцэст төлөвлөгөө бүрэн биелэх боломжтой.
-Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр үүссэн нүүрс тээврийн урт цувааг зохицуулах үүднээс экспортлогч компаниудын боомтоор гарах машины тоонд квот тогтоохоор холбогдох яам, байгууллагууд ярилцсан. Өдөрт гарч буй 500 машины 45% нь “Эрдэнэс Тавантолгой”-н машин байх квотоор бол танай экспортын төлөвлөгөө тасрах магадлалтай юм шиг?
-БНХАУ-ын хилийн боомт дээр тодорхой хэмжээний хязгаарлалт тавигдсанаар өдөртөө 500-600 орчим машин гарч байна. Гашуунсухайт-Ганцмодны боомт болон авто зам дээр үүсээд байгаа түгжрэл, урт цувааг багасгах, мөн жолооч нарыг олон хоногоор зам дээр зутраахгүйн тулд нүүрсний компаниуд дээр квот тогтоох асуудлыг холбогдох яамд, төрийн байгууллагууд ярилцсан. Манай компанид 45%-ийн квот тогтоосон. Тодорхой хувь хэмжээгээр квот тогтоосон нь нэг талдаа зөв ч аль компани хамгийн их нүүрс экспортолж байгаагаас хамаараад хувийг арай өндөр тогтоож өгсөн бол гэх бодол байгаа. Гэхдээ энэ нь Засгийн газрын шийдвэр биш, холбогдох яам, агентлагуудаас түр хугацаанд асуудлыг зохицуулах гэж авсан арга хэмжээ тул урт хугацаанд үйлчлэхгүй байх.
Одоо манай уурхайн талбайд ачаатай 500, ачихаа хүлээгээд зогсож байгаа 500 гээд 1000 гаруй машин зогсож байна. Компанийн хашааны гадаах зам дээр 13 км урт цуваа үүсчихээд байгаа. Зам дээрх бөөгнөрөл багассан мэт боловч уурхай дээрээ, зөвхөн манай компани дээр гэхэд одоогийн байдлаар 2000 машин бөөгнөрчихөөд байна. “Гал” нь “Эрдэнэс Тавантолгой” дээр буучихсан. Компанийн хашааны дотор, гадна байгаа бөөгнөрлийг тооцвол 130 км-ийн дугаарлалт бахь байдгаараа байгаа гэсэн үг. Манай хашааны гаднах дараалал хойшоо суначихаар “Энержи ресурс”, “Тавантолгой”-гоос орж ирэх замыг хаагаад машиныг нь орох нөхцөлгүй болгож байна. Тиймээс квотын асуудал гэхээсээ Хятадын хилээр нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын түвшинд ярьж хэлэлцэх шаардлагатай байна.
-“Эрдэнэс Тавантолгой” 2018 оны олборлолт, борлуулалтын төлөвлөгөөгөө хэдээр тооцож байгаа вэ? Мөн коксжих нүүрсний зах зээлийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна?
-Ирэх жилийн бизнес төлөвлөгөө, төсөв дээрээ ид сууж байна. Энэ жилийнхээс бууруулахгүйг хичээнэ. 2017 оны 11.5 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөгөө давуулан биелүүлнэ гэж тооцож байсан боловч хилийн нэвтрүүлэх чадвараас болоод багасчихлаа. Гэхдээ ирэх жилээ өөдрөгөөр тооцоолж, энэ жилийнхээс бууруулахгүйгээр төлөвлөж байна.
Хамгийн гол нь импортлогч талтайгаа Засгийн газрын түвшинд ярьж, хилийн нэвтрүүлэх чадварыг хуучин байдалд оруулах асуудлыг шийдэж чадахгүй бол энэ жил бүү хэл 2016 оны нормоо ч биелүүлж чадахгүй. Хоёр орны хоорондын улс төрийн яриа хэлцлүүдээс бүх зүйл хамаарахаар болчихоод байна. Хил гаалиас гадна дэд бүтцийн асуудлыг ч шийдэх ёстой.
Бид үнийн хувьд своп хэлцлүүдийг хардаг. 2018 онд коксжих нүүрсний зах зээл эхний гурван сарын байдлаар багахан хэмжээгээр буураад цаашаа тогтвортой байх хандлага харагдаж байна. Дээрээс нь хамгийн том импортлогч Хятад улсын бодлогыг харна.
Хятадын Коммунист намын XIX их хурлын шийдвэрийг дэлхий даяараа анхаарч байна. Бид ч мөн адил түүхий эдийн зах зээлд хамааралтай ямар шийдвэр гарах нь вэ гэдгийг анхааралтай харж байна.
-Хятадад нүүрсийг машинаар тээвэрлэх, шилжүүлэн ачихыг хязгаарлах шийдвэрүүд гарч эхэллээ. Ялангуяа аравдугаар сараас эхлэн Монголоос нэвтрэх нүүрсийг машинаар тээвэрлэхийг багасгах асуудал яригдаж байгаа тухай сонстож байна?
-Аль ч улсад автомашины тээвэрлэлт өндөр өртөгтэй учраас хязгаарлах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь зөвхөн Хятадын хил доторх асуудал байх. Манай зам бол Монголын хил доторх зам. Мэдээж хилээр оруулахын тулд машинаар болон вагонаар оруулж таарна. Угаах үйлдвэрүүд рүү бүгд рүү нь төмөр зам татчихсан юм байхгүй учраас бүгдийг төмөр замаар зөөнө гэж байхгүй байх. Хятадад дотооддоо 200-300 км-т нүүрс тээвэрлэдэг тээврүүд байдаг. Тэр тээврүүдээ л Засгийн газраас нь хязгаарлаж байгаа байх. Хилийн бүс доторх хэдхэн км газруудад тэр болгон төмөр зам тавигдаад байхгүй болов уу.
Хоёрт Монголын нүүрс авто замаар очиж байгаа учраас хил дээрээс шууд вагон руу ачих боломж одоохондоо үгүй.
-Энэ жилээс Баруун Цанхийн нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлаж байгаа нь чухал үзүүлэлт юм. Яг одоо нүүрсээ хэдээр зарж байна вэ? Ямар компаниуд худалдан авч байгаа бол?
-Зөвхөн Баруун Цанхи биш Зүүн Цанхиас гарсан нүүрсийг ч гэсэн бид нээлттэй сонгон шалгаруулалтаар борлуулж байгаа. Зүүн Цанхи дээр өмнө хийсэн гэрээний дагуу “Чалко” компанид олборлолтын 80%-ийг нийлүүлдэг. Үлдсэн 20%-иа нээлттэй сонгон шалгаруулалтаар зарж байна. Гэхдээ боомтын татан авалт буурснаас болоод “Чалко” ч 80 хувиа авч чадахгүй байгаа.
БНХАУ-д экспорт хийх зөвшөөрөлтэй компаниуд авдаг. Төрийн болон улсын компани гэж тэднийг ялгах боломжгүй. Уурхайн аман дээрээсээ зардаг учраас хэн өндөр үнэ санал болгоно, хэн манай нөхцөл шаардлагыг хангаж байгаад нь борлуулдаг. Өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтаар зарж байгаа үнэ 68.1 ам.доллар.
-Сонгон шалгаруулалтаар нүүрсээ зарж эхэлснээр компанид ямар давуу нөхцөл боломжууд үүсч байна вэ?
-Өмнө нь ч гэсэн тодорхой хэмжээний шаардлага хангасан компаниудад нүүрсээ зарж байсан байх. Гол нь нээлттэй зарладаггүй учраас хардалт сэрдэлт их байсан болов уу. Шинэ удирдлагын баг ажил аваад нүүрсээ хэрхэн борлуулах вэ гэдгээ олон талаас нь судалсан. Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулах боломж нөхцөлийг судалж үзсэн ч платформоос эхлээд бүх зүйл нь шаардлага хангаагүй. Эсвэл аукцион маягаар гар өргүүлэн үнэ хаялцах боломж байна уу гэдгийг ч судалсан. Мөн л тохиромжтой байгаагүй. Худалдан авагч талууд хоорондоо тохиролцоо хийчих юм бол бид үнээ өсгөх ямар ч бололцоогүй болох юм билээ.
Тиймээс одоохондоо бидний олчихоод байгаа ганц боломжит шийдэл бол үнийн сонгон шалгаруулалтыг битүүмжилсэн хэлбэрээр аваад, санал өгсөн компаниуд дээр шалгуур тавьж, урьдчилгаа мөнгө төлөх, худалдан авах чадвар, богино хугацаанд тээвэрлэх чадвар, тээвэрлэлтийн хүчин чадал зэрэг нөхцөлийг харгалзан, хамгийн сайн гэснийг сонгодог. Ингэснээр дундын зуучлагч буюу нүүрсийг худалдан аваад цаашаа дамжуулан зардаг гэсэн хардалт байхгүй болж байгаа. Дээр нь зах зээлийн үнэ рүү ойртох боломж бүрдэж байна.
-Өрсөлдөөн хэр байна вэ?
-Ер нь гайгүй. Эхний дуудлага худалдаанууд дээр маш олон компани оролцсон. Нүүрсний ханш унахаар өрсөлдөөн багасаад, үнэ тогтвортой болоод ирэхээр нэмэгдээд эхэлдэг. Одоогоор бол өрсөлдөөн тийм ч ширүүн биш, хүчин чадал сайтай компаниуд санал өгөөд авч байгаа.
-Сонгон шалгаруулалтаа ямар хугацаа, давтамжтайгаар зарладаг вэ?
-Гол нь үнийн өсөлтийг ашиглах гэсэн менежментийн асуудал учраас зах зээлийн өөрчлөлтийг харгалздаг. Үнэ буугаад эсвэл өсөөд эхэлвэл үнэ дээрээ өөрчлөлт оруулаад явна. Үнэ өсвөл хамгийн өндөр үнийг сонгоно. Буугаад эхэлбэл аль болох үнээ барихыг хичээдэг.
-Олборлолтыг бага үнээр хийх нь “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд ажиллах бусад олборлогч компаниудын хувьд жишиг болох нь гарцаагүй. Зүүн Цанхи дээр Хятадын TTJVCO, баруун дээр үндэсний компаниудын нэгдэл гэрээт олборлогчоор ажиллаж байгаа. Олборлогч компаниудын олборлолтын зардал хэд вэ? Баруун, Зүүн Цанхи дээр олборлолтын зардал хэр их ялгаатай байгаа бол?
-Зүүн Цанхи дээр TTJVCO нэг шоо метрийг НӨАТ-гүйгээр 4.2 ам.доллараар (10500 төг) олборлож байна. Баруун Цанхи дээр энэ оны эхээр гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалт зарласан. Үндэсний компаниудын “Монгол уурхайчин” нэгдэл шалгараад олборлолт явуулж байгаа. Тэд 6800 төгрөгөөр нэг шоо метрийг олборлож байна.
Зүүн Цанхийн гэрээт олборлогч TTJVCO компанитай 4-5 жилийн өмнө урт хугацааны гэрээ байгуулсан. Дээрх гэрээнд өөрчлөлт оруулах, нөхцөлийг сайжруулах, олборлолтын зардлыг бууруулах талаар манай талаас байнга санал тавьдаг. Засгийн газраас ч ажлын хэсэг томилогдон ажиллаж, яриа хэлцлүүд хийсэн. Тодорхой хэмжээний амжилтууд гарч байгаа ч гэрээгээрээ нэлээд хязгаарлагдчихсан учраас Баруун Цанхи шиг өртгөөр олборлолт явуулж чадахгүй байна. Гэхдээ Зүүн Цанхи дээр TTJVCO компанийн дор дийлэнхдээ Монголын компаниуд ажилладаг.
-Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаас Цагаанхадны гаалийн хяналтын талбайг татан буулгах шийдвэр гаргасан. Цагаанхадны гаалийн хяналтын талбайг буулгаж, урт рейстэй болгох нь компанид ямар ач холбогдолтой вэ?
-Өмнө нь уурхайгаас ачсан нүүрсээ Цагаанхад буюу хилийн боомтоос 20 км-ийн наана буулгаад, тэндээсээ борлуулдаг байсан. Тэнд ачиж буулгаж, дамжуулан хадгалж, борлуулахад нэг үе шат шинээр бий болдог. Энэ үе шат дээр ямар зардал нэмэгдэж байгааг тооцоолоход Цагаанхад дээр нүүрсээ буулгаад дахин ачиж зарахад нэг тонн нүүрс дээр 2 ам.долларын үнэ нэмэгддэг. Дээр нь хашааны хураамж энэ тэр нэмэгдэнэ. Тиймээс уурхайн амнаасаа ачаад шууд хил гаргах нь зөв юм гэж компани шийдвэрлэсэн. Манай компани Цагаанхад дээр нэг ч тонн нүүрс буулгахгүйгээр шууд хилийн боомт руу тээвэрлэж байгаа. Сүүлийн нэг сарын хугацаанд “Энержи ресурс” компани Цагаанхад дээр буулгахгүйгээр шууд гаргаж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр орон нутгийн “Тавантолгой” л үлдсэн байх.
Засгийн шийдвэрийг би хувьдаа зөв гэж боддог. Нэгдүгээрт Цагаанхад дээр нүүрсийг буулгаж дахин ачиж тээвэрлэх нэмэлт зардал үгүй болно. Хоёрт бөөн тоосжилт үүсгэн, тэр хавийн байгаль орчин, хүн амын амьдрах орчныг бохирдуулах шаардлагагүй болно. Гэхдээ тэнд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг цөөн хүмүүсийн хүсэл сонирхол, шахалтаас болоод Засгийн газрын дээрх шийдвэр хэрэгжээгүй. Засгийн газрын хуралдаанаар Цагаанхадны гаалийн хяналтын талбайг татан буулгах нь зөв гэж яригдсан ч хэсэг хүмүүсийн эсэргүүцлээс болоод шийдвэр гараагүй.
Хүмүүсийн ярьдгаар асуудал нь хоёр талтай. Хил гааль хаасан, бөглөрсөн үед ойртуулаад буулгачихвал цаг хэмнэж байна. Нээгдсэн үед нь зөөчихөж болно гэсэн тайлбар тавьдаг.
Яг манай компанийн үйл ажиллагаанд энэ нь нэмэлт зардал болохоос гадна уртын цуваагаар явж байхад богинын рейсийн машинууд урдуур дайрч ороод, экспортод сөрөг нөлөө үзүүлдэг. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компани төдийгүй улс орны хувьд том эрх ашгаа бодвол Цагаанхадыг хаах нь зөв.
-Танайх хэзээнээс Цагаанхад дээр буулгалгүйгээр уртын рейсээр явж эхэлсэн юм бэ?
-Хоёр гурван жилийн өмнөөс эхэлсэн. Уурхайн амнаас нүүрсээ ачаад гарахад нь хил гаалийн шалгалтаа хийж, лац ломбоо тавиад замдаа ямар ч буулгалт хийлгүй хилийн бүс хүртэл урт рейсээр гардаг.
-“Эрдэнэс Тавантолгой” “Чалко”-гийн том өрөөс салсны дараа дотоодын өрөө барагдуулах тал дээр ямар алхам хийж байгаа бол? Хөгжлийн банкны 200 сая долларын өр байгаа. Арилжааны банкууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдэд өр, зээл бий юу?
-Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд “Чалко” компанид тавьсан 5 жил сунжирсан өрийн үлдэгдэл 100 сая ам.долларыг төлж, өрийг бүрэн барагдууллаа. Өрөө барагдуулж дууссанаар Зүүн Цанхи дээр өөрсдөө тодорхой хэмжээний нүүрс борлуулах эрх үүссэн. Хоёрт үнэ дээр шахалт үзүүлэх, харилцан тохиролцох боломжууд нээгдэж байна. Өрийг хугацаанаас өмнө барагдуулснаар нэлээд их хэмжээний орлого нэмэгдэх боломж бий болсон.
Өрийг богино хугацаанд түргэн дарж чадсан нь мэдээж зах зээлд нүүрсний үнэ өссөнтэй холбоотой. Хоёрт, Засгийн газар шийдвэрлэх дэмжлэг үзүүлсэн. Баруун Цанхийн олборлолтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Нүүрсний үнэ дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах боломжийг бидэнд олгосон. Үүний үр дүнд зах зээлийн таатай үеийг ашиглан богино хугацаанд “Чалко”-гийн өрийг дарах боломж үүссэн.
Одоо “Эрдэнэс Тавантолгой” компани гадна талдаа өргүй. Ганцхан бодитой өр бол Хөгжлийн банк дээр байгаа 200 сая ам.долларын өр. Тэр өрнөөсөө дараад эхэлчихсэн. Хувьцаа, мөнгөн хэлбэр, эсвэл өөр ямар хэлбэрээр өрийг дарах шийдвэр гарахаас шалтгаалан хувьцаа эзэмшигчийн хурлаас өмнө буюу ирэх оны гуравдугаар сараас өмнө өрийг шийдвэрлэх боломж байна.
-Одоо танай дээр хэдий хэмжээний овоолго үүсчихээд байна вэ?
-Экспорт буурснаас болоод бараг 3.6 сая тонн нүүрс талбай дээр байна. Бүх зардал нь гарчихсан бэлэн байгаа нүүрс шүү дээ. Бид экспортолсноо, олсон мөнгөө л яриад байгаа болохоос талбай дээр байгаа 3.6 сая тонн нүүрсээ өнөөдрийн 68 ам.доллараар үржүүлэхэд 200 гаруй сая ам.доллар талбай дээр бэлэн байна гэсэн үг. Олборлолтын зардлыг нь төлчихсөн учраас ачихад 1 ам.доллар зарцуулаад үлдсэн нь цэвэр ашиг гэсэн үг.
-Бараг Хөгжлийн банкны өрийг дарчих юм байна?
-Тийм.
-Төрийн өмчит компаниуд маш үрэлгэн өндөр зардал, нүсэр бүтэцтэй ажилладаг гэсэн ойлголт түгээмэл. Өнгөрсөн нэг жилд зардлаа бууруулах талаар Та тодорхой ямар ажлууд хийв?
-Зардлаа бууруулахын тулд олон талаас нь үзэж байна. Хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-г нүсэр том бүтэцтэй, тэр том бүтэцдээ асар их мөнгө зардаг мэтээр ойлгодог. Угтаа бол манай бүтэц их цомхон шүү дээ. Ганц нэг хүний ажил үүргийн давхардал байхыг үгүйсгэхгүй. Үйл ажиллагааны зардал маш бага буюу нийт төсвийн 2%-ийг эзэлдэг.
Бидний өнөөдөртөө хийж чадах ганц зүйл бол олборлолтын зардлаа бууруулах. Үүний тулд 1 шоо метр шороог олборлох зардлыг бууруулах ёстой. Нэг арга зам нь олборлогч компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах. Энэ арга замаар Баруун Цанхийг ажиллуулж байна. Хоёрт хөрс тээвэрлэж байгаа зардлыг бууруулахын тулд конвейерийн систем тавих талаар тооцоо судалгаа хийж байна. Хуулсан хөрсийг хол зайд тээвэрлэж зардал гаргахгүй, конвейерийн системээр дамжуулаад овоолго үүсгэх боломжтой. Энэ ажлыг ирэх жилийн төсөвтөө суулгаад нэлээд шамдуу хийхээр төлөвлөж байна. Конвейерийн систем тавьснаар олборлолтын зардал 30%-иар буурах тооцоо гарсан. Их хэмжээний нүүрсэн дээр энэ бол маш том тоо. Ер нь монголчууд бид Тавантолгойн ордоо өөрсдөө олборлох бүрэн боломжтой. Хийж чадах ажлуудаа бид өөрсдөө хийх ёстой. Бүгдийг гаднаас авна, гадныхнаар хийлгэнэ гээд байж болохгүй. Наад зах нь нүүрс ачилтаа өөрсдөө хийе гэсэн шийдвэр гаргаад ачилтын тоног төхөөрөмжүүдийн тендер зарлаад шалгаруулчихсан. Ирэх оны эхнээс ачилтаа өөрсдөө хийнэ. Өөрсдөө хийхэд ачилтад гаргадаг зардал 50%-иар хямдрах тооцоо гарсан. Мөн энэ жил 1 шоо метрийн олборлох зардлыг тоног төхөөрөмжөө шинэчилсний үр дүнд 15%-иар бууруулсан. Энэ жил эхлүүлсэн эдгээр ажлын үр дүн ирэх жилээс шууд харагдана.
Цаашаа ч өөр боломжууд бий. Дэлхийд уул уурхайн салбарт дизелиэр ажиллаж байгаа техник бараг үгүй, бүгд цахилгаанаар ажиллаж байна. Энэ нь зардлыг асар хэмнэдэг. Зүүн Цанхи дээр TTJVCO компани цахилгаан экскаватор ажиллуулъя гээд цахилгааны шугамаа татаад экскаватораа авчирчихсан байгаа. Одоохондоо ажиллаагүй. Холбогдох газруудын зөвшөөрөл авах, ТЭЗҮ-дээ тусгах зэрэг процессын ажлууд бий.
Энэ мэтээр олборлолтын зардлыг багасгах боломж өргөн байна. Гол асуудал нь эрчим хүчний эх үүсвэр. Тавантолгойн цахилгаан станцын асуудлыг таван жил ярилаа. Үнэхээр улс төрийн шийдэл дутаж байна.
-Конвейерийн систем байгуулахад анхны хөрөнгө оруулалт нэлээд өндөр тусах байх. Компани дотоод эх үүсвэрээрээ шийдэх боломжтой юу?
-Боломжтой юм билээ. Ямар ч гэсэн 5 км-т конвейер тавьчихад тийм ч өндөр зардалтай биш. Янз бүрийн эх үүсвэрээс мөнгийг босгох боломж бий. Өөрсдөө ч тодорхой хэмжээнд зардал шийдэх боломж байна.
-“Эрдэнэс Тавантолгой” компани одоо хэчнээн хүнд ажлын байр бий болгож байна вэ? Мөн танай уурхайн нүүрсийг хэчнээн компанийн хэдэн жолооч тээвэрлэдэг юм бэ?
-Компанийн баланс дээр бичигдсэнээр 640 ажилтантай. Гэхдээ үүний 240-өөд нь TTJVCO-д ажиллаж, тэндээс цалинждаг. “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулснаар 6600 гаруй хүн шууд ба шууд бусаар цалинжиж, амьдралаа залгуулж байна.
Нүүрс тээврийн хувьд худалдан авагч компаниудтайгаа гэрээ хийдэг. Тэд тээврийн компаниудтай гэрээ хийгээд, бүртгэлээ манай компани дээр бүртгүүлдэг. Манай дээр одоо 2600 гаруй машин бүртгэлтэй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ сорчилж ашигласаар үр ашигтай нөөц дуусах нь гэсэн шүүмжлэл бий. Одоо нүүрсний хэд дэх давхаргаа олборлож байна вэ? Нүүрсээ үнэд хүргэж, нэмүү өртөг шингээж зарах талаар бодитой алхам хийж байна уу?
“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ угааж баяжуулаад экспортлох ёстой. Өндөр үнэтэй коксжих нүүрсээ түүхийгээр гаргаад байна гэдэг үүднээс сорчилдог гэсэн яриа гардаг. “Эрдэнэс Тавантолгой” компани үүсэн байгуулагдаж, олборлолт нь эхлээд 6-7 жил болчихсон мэт боловч ТЭЗҮ-ийнхээ дагуу бол 4.5 дахь жилдээ явж байна. Өмнөх жилүүдэд ТЭЗҮ-д тусгагдсан хэмжээнээс багаар үйлдвэрлэл явсан учраас ТЭЗҮ-ийн 4.5 дахь жил болж байгаа юм.
Тиймээс доод давхаргын буюу 0 давхаргын нүүрсэндээ хүрээгүй. Харин ирэх жилийн эхээр 0 давхаргын нүүрсээ гаргаж эхэлнэ. Тиймээс ирэх оноос угаах асуудал зайлшгүй тулгамдаж байгаа.
Одоо 4, 3 болон эрчим хүчний нүүрс гэсэн гурван давхаргыг олборлож байна.
Боловсруулахын хувьд одоо байгаа боломж гэхээр дэргэд “Энержи ресурс”-ын том хүчин чадалтай угаах үйлдвэр ажиллаж байна. “Энержи ресурс”-тэй бид олон удаа уулзаж, тэдний үйлдвэрт нүүрсээ угаах талаар санал солилцож байгаа ч одоогоор ахиц гаргаж чадаагүй явна. Шийдэх асуудлууд бий. Засгийн газраас төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тодорхой хэмжээний зохицуулалт хийж өгвөл энэ ажил явах боломжтой.
-Асуудал нь юундаа байгаа юм бэ? Угаах зардалдаа юу, гарцын хувьд асуудал байна уу?
-Нүүрсээ угааж баяжуулахад эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Бид өнөөдөр 60-70 ам.доллараар зарж байгаа нүүрсээ тэнд угаалгаад борлуулахад ашиг олох ёстой. Гэтэл түүнээс хямд гарч ирвэл эдийн засгийн үр ашиггүй болно. Баяжмалын гарц доод тал нь 80-аас дээш гарах ёстой.
-Танай компани өөрөө угаах үйлдвэр байгуулах асуудал яригддаг. Эхний ээлжинд нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Цаашдаа нэмэгдүүлсээр жилдээ таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болох зорилтоо танилцуулж байсан. Энэ ажил юу болсон бэ?
Өөрсдөө угаах үйлдвэр барих талаар бид нэлээд судалгаа хийж, ТЭЗҮ ч боловсруулсан. Угаах үйлдвэр барьж өгье, хамтаръя гэсэн гадны компаниуд ч бий. Угаах үйлдвэрийн усны нөөцийн асуудлаа шийдээд зөвшөөрлөө авчихсан. Мөн эрчим хүчний шугам татах зэрэг ажлууд ахицтай байгаа.
Гэхдээ дэргэд том үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй байхад бид хажууд нь жижигхэн үйлдвэр бариад, төр хувийн компани хоёр хоорондоо өрсөлдөөд байх нь зөв шийдэл биш. Дээр нь усны нөөц бол говьд хамгийн ховор эд. Хэн хүссэн бүхэн угаана гээд дураараа үйлдвэр бариад өнөө хомсхон усны нөөцөө бараад байвал говийн бүс цөлжих аюултай. Тиймээс угаах үйлдвэр дээр асуудлыг олон талаас нь харсан зөв шийдэл хэрэгтэй.
-Нүүрсээ түүхийгээр гаргахгүй нэмүү өртөг шингээх нь зөвхөн танай компаниас хамаарах асуудал биш болчихоод байна. Баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, төмөр замын асуудал бүгд л Тавантолгойн ордыг цогцоор ашиглах төлөвлөлтөөс болоод хүлээгдэж байна?
-Тэгэлгүй яахав. Ийм аргацаасан байдлаар явах компанидаа ч хүндрэлтэй. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг боловсруулж угааж баяжуулаад, хий шингэн хэлбэрт оруулах, улмаар боловсруулсан нүүрсээ далайн боомтод хүргэж, дэлхийн зах зээлийн үнээр борлуулахын тулд дэд бүтцээ зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй. Байгаа ганц зам маань ачааллаа даахгүй, замын эвдрэл гэмтэл их байна. Дэд бүтэц хүндрэлтэй учраас ямар ч сайхан төлөвлөгөө гаргаад, ажил хийнэ гэж амлаад үр дүнд хүрэхгүй. Тээвэр ложистикийн хувьд төмөр зам, зэрэгцээ авто замын асуудлаа шийдэх хэрэгтэй. Дэд бүтэц дээр Засгийн газраас шийдвэр гаргаж, зэрэгцээ замын ажлыг ирэх оны эхнээс эхлүүлчихвэл экспортын боломж нэмэгдэнэ. Хоёрт, төмөр замын асуудлыг даруй шийдэх хэрэгтэй байна. Төмөр замыг маш богино хугацаанд барьж Хятадын төмөр замтай холбоод, далайн боомт хүргэх боломжуудыг хайх ёстой. Уурхайгаа өргөжүүлье, тоног төхөөрөмжөө сайжруулъя гэхэд наад зах нь эрчим хүчний бэрхшээл тулгардаг. Цахилгаан станцын асуудлыг шийдэхгүйгээр төмөр зам, угаах үйлдвэрийн тухай яриад нэмэргүй. Энэ бүгдийг цогцоор шийдэхгүйгээр компани амжилтад хүрэхгүй.
Дэлхийн түвшинд Тавантолгойн ордоос гарч байгаа нүүрсийг борлуулах “ЭТТ” брэндийг бий болгохын тулд асуудлыг цогцоор шийдэх ёстой. Улс төрийн шийдвэрийг зоригтой гаргах ёстой. Тийм хэмжээний шийдвэрийг гаргахын тулд Монголоо гэсэн нэг бодлого, нэг эрх ашигт нэгдэж байж энэ ажил хөдөлнө.
-Хятадын худалдан авагчдын хувьд Монголын нүүрсийг түүхийгээр авах сонирхол өндөр мэт санагддаг. Угаагаад борлуулвал эрэлт хэрэгцээ хэр их байхыг судалж үзсэн үү?
-Боловсруулсан нүүрсээ ч гэсэн энүүхэн хилийн цаахна, хамгийн холдоо Бугатын үйлдвэрт нийлүүлж байгаа шүү дээ. Бид төмөр замгүй тохиолдолд машинаар ачиж, Хятадын хил рүү ороод, цаашаа Хятадын төмөр замаар тээвэрлэгдэж байгаа тул Хятадын зам тээврээс хамааралтай. Өөрсдөө төмөр замтай бол угааж боловсруулаад ачингуутаа транзит тээврээр далайн боомт хүргэвэл зах зээлийн үнээр буюу өрсөлдөөнд орох бодит боломж үүснэ.
Мэдээж хэрэг түүхийгээр зөөснөөс угаагаад ачсаны нэмүү өртөг Монголдоо үлдэнэ. Гэхдээ угаах үйлдвэрийн технологи, гарцаас маш их зүйл хамаарна. Исэлдсэн нүүрс буюу эрчим хүчний нүүрстэй холиод угаадаг тул хамгийн гол нь эрчим хүчний нүүрсээ ашиглах боломж үүснэ.
-Эрчим хүчний нүүрсээ одоо хэнд, хэдээр борлуулж байна вэ?
-Тонныг нь 15 ам.доллараар Хятадын зарим компаниудад борлуулж байгаа.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилт тодорхойгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өрөө барагдуулж ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн энэ үед төмөр замын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд оролцоотой байх боломж бий юу?
-Энэ бол байж болох боломжит хувилбар. Ямар нэг байдлаар тохироо хийж чадвал гадны хөрөнгө оруулагчаар төмөр замаа бариулаад, ашиглуулаад, буцаагаад хүлээж авах нөхцөлтэйгээр ажиллаж болно шүү дээ. Төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсээр, ашиг орлогоор дэнчин тавиад хийх боломжууд байгаа. Олон хувилбар байгаа байх. Гэхдээ энэ асуудал манайд харьяалагддаггүй. Зам тээврийн хөгжлийн яам дээр төвлөрдөг. Компанийг урт хугацаанд өрсөлдөх чадвартай байлгая гэвэл төмөр замаа зайлшгүй тавих ёстой.
-Тавантолгойг цогцоор ашиглах улс төрийн том шийдэл гарлаа гэхэд “Эрдэнэс Тавантолгой”-гоос хамааралтай бэлтгэл суурь ажлууд хэр хийгдсэн бэ?
-Шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийж байна. Эн тэргүүнд “Эрдэнэс Тавантолгой”-н бодит нөөц хэд болохыг тогтоох ёстой. Одоогийн ТЭЗҮ бараг 5-6 жилийн өмнө хийгдсэн. Бид энэ жилээс хайгуулын ажилд нэлээд хөрөнгө зарж байна. Цанхийн ордынхоо нөөц дээр нарийвчилсан хайгуул эхлүүлсэн. Бор тээг дээр хайгуулын ажил хийж байна. Үр дүнд нь Баруун, Зүүн Цанхид хэд, хэддүгээр давхаргад ямар хэмжээний нөөц байгаа нь тодорхой болно. “Эрдэнэс Тавантолгой”-н нийт нөөц тодорхой болоод зогсохгүй өснө гэж харж байгаа. Баталгаажсан нөөцөө түшиглэн гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж бүрдэнэ. Дээр нь хөрөнгө оруулахыг хүсч байгаа компаниудын сонирхол нэмэгдэх, уян хатан болох талтай.
-Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалах асуудлыг олон жил ярилаа. Бэлтгэл ажлууд өмнө ч хийгдэж байсан. Одоо “Эрдэнэс Тавантолгой” компаниас энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Компани эдийн засгийн үзүүлэлтийн хувьд гадна дотны өргүй болж, ашигтай ажиллаж эхэлж байгаа болон нөөц өсөх боломжтой холбоотойгоор IPO буюу нэмж хувьцаа гаргах хэлбэрээр хөрөнгө босгох боломж нээгдэж байна. Лондоны хөрөнгийн биржээс эхлээд манайхыг сонирхож эхэлсэн. Та нар зах зээлээс хөрөнгө босговол бүрэн боломж байна гэсэн санал тавьж байгаа.
Компанийн хувьд хэзээ нэг цагт IPO хийх боллоо гэхэд бид бэлэн байх ёстой. Дэлхийн зах зээлээс хөрөнгө босгоё гэвэл компанийн үнэлгээ, засаглал олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Эхний ээлжинд чанарын удирдлагын тогтолцоо бүрдүүлэх ёстой. Энэ нь компанийн засаглал олон улсын стандартад нийцсэн бүтэц зохион байгуулалттай эсэхийн шалгуур болно. Энэ ажлыг ирэх онд эхлүүлнэ. Хоёрт компанийн үнэлгээний асуудлыг нэлээд тодорхой болгох ёстой. Энэ жилийн хайгуулын ажлуудын үр дүнд нөөцийн үнэлгээ хийлгэнэ. Гуравт, дотооддоо зарсан хувьцааны асуудлаа шийдэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийнхээ тоог нарийвчлан гаргаж, түүнийгээ тайлан баланс дээрээ суулган бүртгэхээр ажиллаж байна. Энэ ажлууд бүх түвшиндээ зэрэг явж байгаа.
ЯРИЛЦСАН Н.АРИУНТУЯА