О.Эрдэнэбулган: Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь баялгийн эзэн болсон ард түмний эрх ашгийг дээдэлсэн байх болно
Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэе. Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” хурлыг зохион байгуулж, салбарын мэдээллийг өгдөг билээ.
Өнөөдөр болсон ээлжит хуралд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн захирал Я.Батсуурь болон яам, агентлагийн төлөөлөл оролцлоо.
Хурлаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон, салбарын сарын орлогын гүйцэтгэл, үйлдвэрлэлийн хэмжээ, Асгатын мөнгөний ордын төсөл, ОХУ-ын “Роснефть” компанитай тохиролцсон үнэ томъёолол, нүүрсний экспортын талаар мэдээлэл өгөхөөс гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.
Дэд сайд О.Эрдэнэбулганы хэлснээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон. Тус хууль нь одоо мөрдөгдөж буй хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй, хөрөнгө оруулагчийн эрхэнд халдахгүйн дээр баялгийн эзэн болсон ард түмний эрх ашгийг дээдэлсэн байх болно гэдгийг онцоллоо.
Хуулийг шинэчлэх болсон шалтгааныг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгасан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтод хүрэхтэй холбоотой аж. Салбарын хэмжээнд болсон бас нэгэн томоохон үйл явдал нь Асгалтын мөнгөний ордын ТЭЗҮ-г шинэчлэн, эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Тодруулбал, тус ордын тусгай зөвшөөрлүүдийг “Монголросцветмет” ХХК эзэмшдэг хэдий ч санхүүгийн боломжгүйгээс үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрсэн. Иймээс Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг Уул уурхайн яаманд харъяалуулсан байна.
Мөн нүүрсний салбарт хийгдсэн бас нэгэн ажил нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Хилийн боомтын тухай хуулийг энэ сараас эхлэн мөрдөж, Боомтын захиргааг байгуулан ажиллаж буй аж. Энэ хүрээндээ нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлэн, Гашуунсухайтын боомт дээр шинээр 8 автомашин нэмж явуулсан, хил гааль дээр шаарддаг бичиг баримтуудыг цөөлсөн зэрэг олон арга хэмжээг авчээ.
Харин сэтгүүлчид Оюутолгой төслийн Монголын талын эзэмших 34 хувийг худалдах асуудлыг хөндсөн бөгөөд уул уурхайн яамны дэд сайд О.Эрдэнэбулган энэ талаар хэлэхдээ “Оюутолгойн 34 хувийг зарах талаар яригдаагүй. Хүмүүс өөрдөө санал бодлоо илэрхийлэх эрхийн дагуу ийм зүйл ярьсан байгаа" гэсэн хариулт өглөө.