Ховд аймгийн залуус хөгжлийн төвтэй боллоо
Шинэчлэлийн Засгийн газраас залуучуудын асуудлыг онцгойлон авч үзэж, үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаагаас гадна Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны бүтцэд Залуучуудын хөгжлийн асуудлыг хариуцсан бие даасан хэлтсийг байгуулан ажиллаж байгаа нь тогтолцооны шинэчлэлийн эхлэл болсон юм. Тиймээс бодлого, эрх зүйн хүрээнд залуучуудын бүхий л асуудлыг тусгасан Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогыг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны зүгээс залуучуудын хөгжлийн чиглэлээр Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн 15 хөгжлийн төвийг байгуулахаар болсон. Энэ хүрээнд 2014.09.08-ны өдөр Ховд аймгийн Залуучуудын хөгжлийн төвийг нээлээ.Нээлтийн үйл ажиллагаанд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Швейцарийн хөгжлийн агентлагийн Дэд суурин төлөөлөгч Дийпак Элмер, Монгол дахь НҮБ-ын Залуучуудын хэлтсийн ажилтан Ч.Батаа, ХАХНХЯ-ны Залуучуудын хэлтсийн мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Л.Энхбаяр, ЗДТГ-ын дарга Д.Батмөнх нарын төлөөлөл оролцлоо.Монгол Улсын нийт хүн амын 33.8 хувийг 18-35 насны 947.8 мянган залуучууд эзэлж байгаа бол Ховд аймгийн нийт хүн амын 31.6 хувийг залуучууд эзэлдэг байна.
Тус аймагт залуучууд хөгжлийн төв бий болсоноор төрөөс залуучуудын хөгжлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, орчин үеийн мэдээ, мэдээллийн цаг тухайд нь авах, хөгжлийн бүхий л үйлчилгээг хүртэх, хэрэгцээтэй сургалтад хамрагдах, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж орон нутгийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зэрэг боломжоор хангагдах юм.