Дорнод аймагт “Архины хортой хэрэглээг бууруулах” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

2014 оны 10 сарын 03

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа Дорнод аймагт ажиллах үеэрээ “Архины хортой хэрэглээг бууруулах” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэгт оролцлоо. 

 Уг хэлэлцүүлэгт Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат, Эрүүл мэндийн газрын дарга Х.Хулан, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бямбатогтох, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Г.Цэцэгдарь, Дорнод аймгийн Чойбалсан хотын багийн Засаг дарга нар, Цагдаагийн газрын төлөөлөгчид оролцов. 

 Тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран 2014-2019 он хүртэл хэрэгжих “Архигүй Амьдрал” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ. Аймгийн ИТХ-аас 2014 оны ажлын төлөвлөгөөнд архидан согтуурахтай тэмцэхэд 21 сая төгрөгийн төсөв суулгажээ. “Архигүй Амьдрал” хөтөлбөрт бүх шатны удирдлагууд, төрийн бус байгууллагуудыг нэгдэхийг уриалж, “Бор дарсгүй гэр бүл, хамт олонд аз жаргал, амжилт бүтээл үргэлж нээлттэй байдаг” хэмээх уриалга илгээмжийг өгчээ.  

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 7 ресторан, 20 кафе, 22 баар, худалдан борлуулдаг 105 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт явуулж, зөрчил дутагдал илэрсэн 51 аж ахуй нэгжид сануулга өгч, 9 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. 

 “Архигүй Амьдрал” хөтөлбөрийн хүрээнд “Архинд донтох өвчтэй, оношилгоо, эмчилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 83 хүнийг албадан саатуулж, үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулжээ.  

Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат: 

 - Аль ч газар ялгаагүй гэмт хэрэг гарах үндсэн шалтгааны нэг нь архитай холбоотой байдаг. Хэрэгжүүлж байгаа “Архигүй амьдрал” хөтөлбөр маань үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн онтой харьцуулахад Эрүүлжүүлэх байранд саатуулагдсан хүний тоо харьцангуй цөөрсөн байна. Эрүүл мэндийн газар, төрийн бус байгууллагуудтай хамтран архины хамаарлаас гаргах чиглэлийн ажлыг нилээдгүй хийж байна. Одоогийн байдлаар архины хамааралтай 50 хүнийг архинаас гаргах эмчилгээнд хамруулаад байна. Бид архинаас гаргаж, хандлагыг өөрчилж болно. Гэхдээ дараа нь тэдгээр хүмүүсээ яах вэ гэдэг асуудлаа зэрэг авч явах хэрэгтэй. Тиймээс архинд хамааралтай иргэдээ Хөдөлмөрийн бирж дээрээ бүртгээд ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамруулах ажлууд давхар явагдаж байна. Архинаас гаргах ажилд зөвхөн эрүүл мэндийн салбарынх биш бүх нийтийн ажил. Ажил олгогчдод ч гэсэн хамааралтай асуудал. 

 ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бямбатогтох: 

 - Хүмүүсийг архинд орсны дараа архидан согтуурахдаа тэмцэх биш, ууж эхлэхээс нь өмнө ойлгуулах нь чухал юм гэдгийг энэ удаагийн хэлэлцүүлгээрээ онцолж байгаа юм. Архийг хэрэглэхээс урьчилан сэргийлэх, уулгахгүй байхад анхаарах чиглэлээр концевцио хийсний дагуу “Архины хортой хэрэглээг бууруулах” үндэсний хөтөлбөр болон “Архины хяналтын тухай” хуулийн төслүүд боловсруулагдаад явж байна. Дорнод аймаг архины хэрэглээ өндөртэй, энэ асуудалтай тэмцэхэд орон нутгийн засаг захиргаа хүч гаргаж, “Архигүй Дорнод” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас энэ удаагийн хэлэлцүүлгээ хийж байна. Аливаа асуудлыг зөвхөн дээд бодлого боловсруулах түвшинд авч үзэх нь учир дутагдалтай учраас “Архины хортой хэрэглээг бууруулах” үндэсний хөтөлбөрийг нийгмийн бүх түвшинд хэлэлцүүлж байгаа. Өнөөдөр бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн хэмжээнд юуг анхаарах ёстой талаар ярилцаж байна. Бид 2000 оноос хойш архитай тэмцэх шинэлэг ажлуудыг хийж байгаа гэх боловч үр дүн муутай байна. Тиймээс хэлэлцүүлэг бүрээс тодорхой саналуудыг авч, хөтөлбөртөө тусгахыг зорьж байна. Бид хөтөлбөрөө энэ ондоо багтааж Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна. 

 Дорнод аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Ариунсанаа: 

 - Манай аймагт архидалт ихтэй. Улсын хэмжээнд гэмт хэргийн тоо ялангуяа согтуугаар үйлдэгдсэн гэм хэргийн тоогоороо дээгүүр үзүүлэлттэй байдаг. 2014 оны эхний 9 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлагын дийлэнх нь архидан согтуурахтай холбоотой байгаа нь архидан согтуурах байдал буурахгүй байгааг харуулж байна. Манай аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж байна. “Архигүй Амьдрал” хөтөлбөр хэрэгжиж, ажлын байран дээр архидан согтуурахыг таслан зогсооход түлхүү ажиллаж байна. Мөн архинд донтох өвчтэй, зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн ажил эрчимтэй явагдаж байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9701
0 эможи
keyboard_arrow_up