Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн сургалт Баянхонгор аймагт эхэллээ

2014 оны 9 сарын 15

Хөдөө орон нутагт хөлбөмбөгийн спортоор сонирхон хичээллэгч хүүхэд залуучуудын тоо хурдацтай нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд Монголын Хөлбөмбөгийн Холбооноос дасгалжуулагчдын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулахыг чухалчлан үзэж, онцгой анхаарал хандуулж байна. Энэ зорилгоор хэдхэн хоногийн өмнө зүүн бүсийн Сүхбаатар аймагт Азийн Хөлбөмбөгийн Холбооны “С” зэрэглэлтэй дасгалжуулагч бэлтгэх сургалтыг эхлүүлсэн бол 9-р сарын 13-нд Баянхонгор аймагт баруун бүсийн аймгуудыг хамруулсан мөн ийм сургалт гараагаа эхлүүллээ.
 
Баянхонгор хотод 12 хоногийн хугацаатай явагдах энэхүү сургалтанд Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн нийт 21 дасгалжуулагч хамрагдан суралцаж байгаа бөгөөд уг сургалтыг зохион байгуулагч Баянхонгор аймгийн хүсэлтээр нутгийн ЕБСургуулиудын багш нарын төлөөллөөс ажиглагчаар суулгаж байгаагаараа онцлог болж байгаа юм.
 
Суралцагсад хөлбөмбөгийг хүүхэд залуучуудад хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй зааж сургах сургалт-дасгалжуулалтын ухааныг онол практиктай хослуулан суралцах сайхан боломж ийнхүү нээгдэж байна. Дээрх сургалтыг AFC-гээс томилогдсон өндөр мэргэжлийн сургагч багш Sovannara Prak удирдан явуулж байна. Сургалтын нээлтэнд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга бөгөөд Монголын хөлбөмбөгийн Баянхонгор аймаг дахь “Элч төлөөлөгч” О.Тойвгоо нар оролцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8725
0 эможи
keyboard_arrow_up