Ховдын Дарви сум хөлбөмбөгийн талбайтай болно
УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ сарын 9-16-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд тэрбээр Дарви, Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийж хаврын чуулган болон чуулганы хугацаанд хийсэн ажил, өргөн барьсан хуулийн төслүүд болон цаг үеийн бусад асуудлаар ажлаа тайлагнасан байна.
Мөн Дарви сумын 90 жилийн ойд зориулж иж бүрэн хөлбөмбөгийн талбай байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт шийдвэрлэж өглөө. Энэ жил Ховд аймгийн хэд хэдэн сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн сум болох Зэрэг нь Ховд аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдсон баярт үйл явдлаар ойгоо угтаж байна. Энэхүү замын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл нар маш их идэвх санаачилга гаргаж ажилласанд нутгийн иргэд туйлын талархалтай байна. Энэ мэтээр Дарви болон Зэрэг сумынхан бүтээн байгуулалтын үйл явдлуудаар сумынхаа ойг угтаж байна.