Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс хяналт шалгалтын дүгнэлтээ ирүүлжээ

2014 оны 9 сарын 03

 Улс төрийн тойм” сонины 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн “Нойрсуулагч эмийг хэтрүүлж өгсөн хэрэг Хөвсгөл аймагт гарчээ” хэмээх мэдээллийн дагуу тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс хяналт шалгалт хийж, 08 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт дүгнэлтээ ирүүлжээ. 

Нойрсуулагч эм хэтрүүлэн хэрэглэсэн гэх Батсайхан овогтой Мөнхбат нь 2014 оны 01 дүгээр сарын 24-нд төржээ. Эмнэлэгт хэвтэх үедээ 5 сартай байсан. Хүүхдийн биеийн байдал сул, өвчлөмтгий, хүүхдийн эмчийн болон өрхийн эмчийн байнгын хяналтад байдаг. Фенобарбитал эмийг байнга хэрэглэдэггүй байжээ. 

 Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн дүгнэлтэд: 

 - Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар хүүхдийн биеийн байдал ноцтой хүндэрсэн үед нь мэргэжлийн ур чадвараа гарган эмнэлгийн тусламж, үйлчилгээг оношилгоо, эмчилгээний стандартын дагуу цаг алдалгүй хийж, хүүхдийн амь насыг аварсан. 

 - Эмч нарын хооронд оношийн зөрүү гараагүй бөгөөд Эмчлэгч эмч Д.Эрдэнэчимэг, Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Эрдэнэбаатараар ахлуулсан эмч нарын хамтарсан үзлэгийн оношууд бүгд тохирсон. 

 - Фенобарбитал эм нь нойрсуулах, тайвшруулах, таталт дарах, бас холестазыг багасгах, нярайн цус задрах өвчнөөс сэргийлэх зэрэг үйлчилгээтэй. Тухайн үед хүүхдийн таталтыг дарах, тайвшруулах, нойрсуулах зорилгоор Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Оюунгэрэл фенобарбиталын 100мг тунгаар нэг шахмалыг өдөрт 2 удаа уулгасан байна. Дээрх нийтлэлд бичсэн 5 ширхэг фенобарбиталыг уулгаагүй болно. 

  - Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд ноцтой тохиолдлоос хүүхдийн амь насыг аварсан. Гэтэл 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх “Монос эх нялхас” эмийн сангаас “Фенобарбитал” эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг том хүний тунгаар андууран өгч, алдаа гаргасантай адилтган холбож, ташаа мэдээллийг Улс төрийн тойм сонинд нийтэлжээ. 

 - Сэтгүүлч Т.Урангэрэл нийтлэлдээ “...Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхдаа эмчийн зааврын дагуу таталт өгч, унтаа байдалд орсон байхад нь фенобарбитал эм уулгасан...” гэж бичсэн байдаг. Эмчийн заавраар өвчтөнд таталт өгөх, унтаа байдалд оруулах боломжгүй юм. Бага насны хүүхэд өндөр халуурах, ээрэх үед амьсгал түгжиж, цусан дахь нүүрсхүчлийн хэмжээ ихэсч, амьсгалын төв цочирсноос таталт үүсч болно. Таталт олон удаа удаанаар давтагдах тутам хүүхдийн хөдөлгөөн, сэтгэхүй, хэл ярианы хөгжил хоцордог. Ялангуяа 0-1 насны үед олон удаа хүчтэй таталт өгсний улмаас оюун ухааны гүнзгий хоцрогдолд орох аюултай учир заавал хүүхдийн мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээг өрхийн эмчийн хяналт дор хийдэг. 

 - Уг нийтлэлтэй холбогдуулан нэгдсэн эмнэлгийн удирдлагууд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Мөнхбатын ээж, эмээ нартай уулзаж, тодруулга авсан. Тэд, “Улс төрийн тойм” сонинд албан ёсоор мэдээлэл авсан сонин хэвлэл байхгүй, хэн мэдээлэл өгч бичсэнийг мэдэхгүй. Харин ч бидний хүүхдийн биеийн байдал маш хүнд байхад амь насыг нь аварсан эмч нартаа баярлаж байгаа” гэсэн. 

- “Улс төрийн тойм” сонин 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаартаа судалгаа, нотолгоогүй худал мэдээллийг олон нийтэд түгээж, бодит байдлыг мушгин гуйвуулсан болчимгүй алдаа гаргасан байна. Орон нутагт фенобарбитал эмийг том хүний тунгаар нярайн хүүхдэд таван удаа өгч, таталт өгүүлж, ухаангүй болгосон, түүнийг нь хэн ч мэдэхгүйгээр өнгөрсөн мэтээр мэдээлсэн нь зөвхөн үнэнийг мэдээлэх сэтгүүлчийн ёс зүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг боллоо гэж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэн үзэж байна. Ялангуяа хүүхдийг эмчилсэн эмч, сувилагч, асрагч нар туйлын гомдолтой байна гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8136
0 эможи
keyboard_arrow_up