Болзошгүй гамшгийн аюулаас 18 хүний амь насыг хамгаалжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Замын цагдаагийн газар, Онцгой абйдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст зам тээврийн ослын нийт 484 дуудлага бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 189, осол, зөрчлийн шинжтэй 295 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 12 бүртгэгдэж 12 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өсөлттэй үзүүлэлт байгаа тул гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан мэдээллээ.
Харин нийслэлийн Онцгой байдлын өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гамшиг ослын 94 удаагийн дуудлага хүлээн авснаас 64 дуудлага буюу 68 хувь нь объектын гал түймрийн дуудлага байжээ. Зам тээврийн болон ахуйн осолд өртсөн 14 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, болзошгүй гамшгийн аюулаас 18 хүний насыг авран хамгаалсан байна. Мөн нийслэлийн Аврах анги, Нийслэлийн цагдаагийн газар, хамтран Туул гол дагуу усны завьт эргүүл хийж, 1772 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг өгч, 304 ширхэг санамж тарааж, 377 автомашинтай иргэдийг голын эргээс холдуулжээ.
Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд Нийслэлийн Цагдаагийн газар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 21181 мэдээ, мэдээлэл хүлээн авч, 546 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 9.3 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13.9 хувиар өссөн байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээс Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, Бусдын эд хөрөнгийг хулгайлах, Танхайрах гэмт хэргүүд 13.9 -34.7 хувийг эзэлж байна.