Баавгайг унтуулах буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ

Төв аймгийн Алтанбулаг сум, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт өчигдөр өглөө /2026.09.30/ 09.00 цагийн орчимд баавгай үзэгдсэн гэх дуудлага мэдээлэл малчин иргэнээс тус бүсийн хамгаалалтын захиргаанд ирсэн байна.
Мэдээллийн мөрөөр байгаль хамгаалагчид ажиллаж баавгайн байршлыг тогтоон, холбогдох албаныханд мэдэгдэж, дараагийн шатны арга хэмжээг авчээ.
БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагчид, малын эмч Ж.Гэрэлтуяа болон амьтан судлаач, холбогдох мэргэжилтнүүд, ард иргэдийг төлөөлөл 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 23.00 цагийн орчимд баавгайг унтуулга буугаар нойрсуулж, аюулгүй тээвэрлэн суурьшлын бүсээс гаргах ажиллагааг зохион байгууллаа.
Баавгайг унтуулах буугаар нойрсуулсны дараа, нас болон биеийн ерөнхий амин үзүүлэлтүүдийг тогтоон, үс, шүлс, цус зэргээс гурван төрлийн сорьцын дээжийг судалгаа шинжилгээний зориулалтаар авчээ. Баавгайг тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцагтай нь зөөвөрлөн Хан хэнтийн нурууны бүсэд байгальд нь тавих юм байна.



