Булган, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ маргаашнаас нэмэгдэнэ

Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус компаниуд үйлчилгээний үнээ нэмэх саналыг ирүүлсэн байна. Энэ нь шатахуун тослох материалын үнэ өссөнтэй холбоотой аж. Тодруулбал, Улаанбаатар хотоос-Булган аймаг руу зорчих төлбөр том хүн 32,800 төгрөг байсан бол 40,200, Сэлэнгэ аймаг руу зорчиход том хүн 23,800 байсан бол 32, 400 төгрөг болж өсчээ. Энэхүү тарифын өөрчлөлтийг маргаашнаас дээрх аймгуудад мөрдөж эхлэхээр болжээ.
Өнгөрсөн долдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд нефтийн үнэ литр тутамдаа 350-670 төгрөгөөр өссөн байна. Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлхэд нийт зардлынх нь 70 хувийг шатахуун тослох материал эзэлдэг аж. Иймээс судалгаа хийж үзсэний үндсэн дээр Авто тээврийн газраас дээрх зохицуулалтыг хийжээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хот хоорондын нийтийн тээвэрт өдөр тутамд 63 чиглэлд автобус үйлчилгээнд гардаг байна. Бүх аймгууд руу үйлчлэх нийтийн тээврийн үнийг өсгөх санал ирсэн тул шат дараатайгаар үйлчилгээний тарифыг нэмэх арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

