“Рапид харш” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг цуцалжээ
Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Оюут баг 2а хороололд орон сууцны зориулалтаар 4,8 га газар эзэмшиж байсан “Рапид харш” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг цуцалж, газрыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ.
Тус газрыг чөлөөлснөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих 960 хүүхдийн сургууль, орон нутгийн төсвөөр хийх босоо тэнхлэгийн 430 метр хатуу хучилттай авто зам тавих боломжтой болж байна.
Газар эзэмшигч компанид газраа чөлөөлөх тухай мэдэгдлийг гурван удаа хүргүүлж хуулийн хугацаанд 14 хоногийн дотор хариу ирүүлээгүй учир ийн буулгаж байна.
Эхний ээлжид босоо тэнхлэгийн 430 метр хатуу хучилттай авто зам тавих газрыг чөлөөлөх ажлыг Хот тохижуулах газраас гүйцэтгэж байна. Энэхүү компани нь хоёр жилийн өмнө газар эзэмших эрхээ шилжүүлэн авч байжээ. Энэ хугацаанд газраа ашиглаагүй бол “Газрын тухай хууль”-ийн дагуу Засаг даргын захирамжаар хүчингүй болгох заалт бий.
Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газраа зөвшөөрөлгүй сунгаж татсан, том хэмжээний газар эзэмшиж буй 151 иргэн аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэх хугацаанд ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол цаашид хуулийн дагуу арга хэмжээ авна гэлээ.
Тухайлбал, “Номин” ХХК-д сургууль барихаар төлөвлөсөн газрыг чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Тус компаниас газар чөлөөлнө гэх хариуг ирүүлжээ.
Эх сурвалж: montsame.mn
|