Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэх ХҮСЭЛТ гаргав
Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбооноос Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагад орон нутгийн нислэгийн асуудлаар хүсэлт гаргажээ.
МИАТ компани Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 2 удаа (лхагва, бямба гарагт) нислэг үйлдэж байгаа бөгөөд долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл даваа гарагт нэмэлт нислэг үйлдэнэ.
Тус аймгийн хувьд зуны улиралд гадаад, дотоодын аялагчид олноор ирэх тул дээрх долоо хоногт 3 удаа хийх нислэг нь хангалтгүй хэмээн аймгийн Аялал жуулчлалын холбоо үзэж байна.
Иймд долоодугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үйлдэх нэмэлт нислэгийн хугацааг 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгах, мөн тухайн хугацаанд баасан гараг бүр шинээр нислэг үйлдэж, долоо хоногт хийх нислэгийн давтамжийг 4 болгох хүсэлт тавьж байгаа аж.
МИАТ компани дээрх хүсэлтийг судалж, одоогийн нислэгийн хуваарьт таарахгүй байгаа аяллуудын нарийн судалгааг гаргаж ирүүлэхийг аялал жуулчлалын компаниудаас хүссэн байна.
Эх сурвалж: Монцамэ
|









