ТОДРУУЛГА: Нохойд хазуулсан эмэгтэй 10 гаруй оёдол тавиулж, эмнэлэгт эмчлүүлж байна
2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 11 цаг 45 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад хот Цогжавхлан 2 дэлгүүрийн гадаа нэгэн эмэгтэй рүү 5-6 нохой дайрч хазсан хэрэг гарсан. Тухайн үед 31-32 УНЧ улсын дугаартай Ланд 200 машинтай иргэн яг дэргэд нь байсан ч туслаагүй талаарх бичлэг цацагдаж олны дургүйцлийг хүргээд байна.
Бичлэгийг тухайн эмэгтэйн нөхөр нь нийтэлж, хэрвээ энэ жолооч тусалсан манай хүн эмнэлгийн оронд хөдөлмөрийн чадвараа алдаж хэвтэхгүй, бага хохирол амсах байсан, мөн тус хүргэсэн залууст баярлалаа гэсэн юм.
Тэгвэл тухайн эмэгтэй 10 гаруй оёдол тавиулж, хүнд гэмтэлтэй Өмнөговь аймгийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна.
Энэ талаар тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. Эмнэлгийн яаралтай шаардлагатай тусламжийг үзүүлж байна.
Дөнгөж сая Даланзадгад сумын удирдлагуудад таслан сэргийлэх золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэгжүүллээ. Ар гэртэй нь холбоотой байгаа. 3 хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ" гэлээ.