Цээл сумын 15 настай хүү тарваган тахлаар нас барсан болох нь батлагджээ
Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 15 настай, эрэгтэй хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Энэ талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс "2023 оны наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй нас барсан тохиолдол бүртгэгдсэн.
Наймдугаар сарын 31-нд Говь-Алтай аймгийн ЗӨСТ-д хийгдсэн нян судлалын шинжилгээ, Ховд аймгийн ЗӨСТ-д хийгдсэн молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр иргэн тарваган тахлын халдвар авч нас барсан болох нь батлагдлаа" хэмээн мэдээллээ.
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт уг иргэн тарвага агнаж идэж, хоёр хоног халуурч байгаад нас барсан гэх мэдээллийг Цагдаагийн болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд хамтран шалгажээ.
Иймд тахлын голомт бүхий газарт зорчихгүй байх, ан амьтны түүхий эд, махыг хүнсэнд хэрэглэхгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд буюу 2021-2024 онд хоригложээ.