СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Шар“-ын голд сэлэхээр ороод живж, нас баржээ
Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Шарын дэрсний гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т, сумын төвд/ “Шар”-ын голын усанд 3 хүн сэлэхээр ороод 1 хүн нь живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 23-ны өдрийн 14:28 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид иргэн М/47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 12:10 цагт осолдсон газраас хойд зүгт 19 км-т, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн “Цагаандаваа” гэдэг газарт “Орхон” голын усны мандлаас цогцсыг олж, гарган Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.









