“Магнай трейд“ ХХК Дорнодод ӨРӨМДЛӨГ хийлгээгүй гэж 2,5 ТЭРБУМ ТӨГРӨГ нэхэмжлэн шүүхэд ханджээ
Шатахууны зах зээлийн томоохон магнат болох “Магнай трейд” ХХК 2018 оноос эхлэн Дорнод аймагт газрын тосны хайгуул хийхээр санаархаж эхэлсэн.
Тодруулбал, Дорнод аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг хамарсан 786 мянган га бүхий Баянтүмэн дэх 17-р талбайд өрөмдлөг хийхээр зэхэж эхэлсэн. 2019 онд тус компанийг Дорнодын бүс нутагт зөвшөөрөлгүй газар ашиглаж, өрмийн цамхаг, олон тооны контейнер, тоног төхөөрөмж байрлуулсан гэж үзэн, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус газрыг чөлөөлүүлэх захирамж гаргасан юм.
Үүнтэй холбоотойгоор “Магнай трейд ХХК Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс 2.5 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна.
Энэ талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрийн цахим хуудсандаа мэдээлэл тавьсан байна. Тэрээр “Чойбалсан сумын нутагт өрөмдлөг хийлгээгүйгээс гэм хор учирсан гэж “Магнай трейд” ХХК үзэн, 2.5 тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд ханджээ.
2019 онд тус компанийг зөвшөөрөлгүй газар ашиглаж, өрмийн цамхаг, олон тооны контейнер, тоног төхөөрөмж байрлуулсан гэж үзэн, тус газрыг чөлөөлүүлэх захирамжийг аймгийн Засаг дарга миний бие гаргасан. Хуульд заасны дагуу хариуцагчийн оршин суугаа харъяаллын буюу Дорнод аймгийн анхан шатны шүүхэд хянагдаж, аймгийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй гэж гарсан тус маргаанд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасаар маргаан 3-4 жил үргэлжилж, өнгөрөгч онд Хэнтий аймгийн шүүхэд шилжин тус компанийн талд шийдвэрлэгдсэн байдаг. Мөн өнгөрсөн хугацаанд тус компанийн эзэмшлийн “Ивээл” хорооллын хойно төв замын трасст давхацсан Шатахуун түгээх станцын газрыг мөн чөлөөлсөн нь нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр байсан” гэжээ.