Архангай аймгийн Хотонт суманд үерийн усанд боогдсон 17 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
Архангай аймгийн Хотонт суманд өчигдөр 21:59 цагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас айлууд үерт автсан гэх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Мөн 40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, дөрвөн хүнсний дэлгүүр, дөрвөн цайны газар, хоёр агуулах үерийн усанд автжээ. Үерийн усанд боогдсон 17 иргэнийг Онцгой байдлын газрын алба хаагчид нүүлгэн шилжүүлжээ.
Одоогийн байдлаар үерт өртсөн дөрвөн хүнсний дэлгүүр, хоёр цайны газрын үерийн усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн, зургаан гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Үерийн голомтод Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, иргэд зэрэг 70 гаруй хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээлэв.