Тийм ээ, тэд ингэж ИНЭЭХ ЭРХТЭЙ
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын хамт олон дундаа "Хэн хамгийн сайн онигоо ярих вэ" тэмцээн зохиожээ. Нэг нэгнийхээ ярих онигоог сонсоод бүгд чин сэтгэлээсээ инээж байгаа нь энэ гэнэ.
Уг тэмцээнд тасаг бүрийн нийт 13 алба хаагч оролцсоноос тэргүүн байрыг Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл судалгааны мэргэжилтэн цагдаагийн ахлагч Б.Баатархуяг, дэд байрыг Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Гэрэлт-Од нар эзэлжээ.
Энэ талаар иргэн Одончимэг цахим хуудаснаа " Тийм ээ, тэд ингэж инээх эрхтэй. Ажил үүрэг нь хэдий ч үргэлж л болж бүтэхгүй бүхэнтэй нүүр тулж, муу муухайгийн араас хөөцөлдөж, сайнаасаа илүү саарыг сонсдог, магтуулахаасаа илүү зэмлүүлдэг. Энэ болгоныг өөрийнхөө бус өрөөлийн төлөө байсныхаа хариуд хүртдэг нь ч хатуу үнэн.
Тиймээс, ганц удаа ч гэсэн ингэж хамт олноо, өөрсдийгөө сэргээж, хөгжөөх нь зөв юм. Нөгөө талаар иймэрхүү ажил нь хамт олны халуун дулаан уур амьсгалыг улам бэхжүүлдэг. Энэ ёстой гоё санаачилга байна." гэжээ.