ХОВД: Цас орж, шуурсны улмаас зам хаагдах төлөвтэй байна
Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж, шуурлаа. Үүнээс шалтгаалан хөдөөгийн сумдын чиглэлд зорчих авто зам даваа хаагдах нөхцөл байдал үүсээд байна.
Тухайлбал, өнгөрсөн шөнө Дарви, Зэрэг, Манхан, Ховд аймгийн төв чиглэлд салхи хүчтэй шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан, их хэмжээний цас авто зам дээр хуримтлагдсан нь замын халтиргаа гулгаа үүсгэв.
Энэ өглөө замын зорчих хэсэг дээр цас мөс тогтож, зорчих боломжгүй болсон учраас холын замд гарсан зарим жолооч нар эрсдэлээс сэргийлж аймгийн төв рүү буцах тохиолдол гарч байна.
Мөн өнөөдөр цас нэмж орсоор байна.
Цаашид зам даваа хаагдаж, хүндрэл үүсэж болзошгүй тул малчид, тээвэрчид, иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.