н.НЯМЖАВ: Зээрийн сэг зэмээс дээж авсан. Хяналт, шалгалтын ажлын эцсийн дүн одоогоор гараагүй
Дорнод аймагт өнгөрсөн өдрүүдэд "Петрочайна Дачин тамсаг" компанийн ашиглалтын талбайд цагаан зээр олноор хорогдож, тус компаниас зээрийн сүргийг нууцаар булах ажиллагааг явуулж байна гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.
Энэ асуудалтай холбогдуулан манай сурвалжлах баг газар дээр нь очиж ажиллалаа.
Энэ үеэр БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч н.Нямжаваас тодруулахад тэрээр " Өнгөрсөн дөрөвдэх өдөр БОАЖЯ-аас ажлын хэсэг гарч, "Петрочайна Дачин тамсаг" компанийн 19,21 дүгээр талбай, “Бадрах Энержи” ХХК-ний үйл ажиллагаатай холбоотойгоор хоёр ТББ-аас ирүүлсэн өргөдлийн дагуу газар дээр нь ажиллаж байна. Тус өргөдөл дээр устай холбоотой буюу усыг бохирдуулж байна, усны нөхөн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байна гэх мэт асуудлуудыг тусгасан байсан.
Энэ хүрээнд шалгалтыг хийхэд 19 дүгээр талбай дээр усны гэрээ байгуулаагүй байх үед усыг ашигласан гэх зөрчил илэрсэн. Үүн дээр зөрчлийн хэрэг нээж шалгана. Мөн химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалалт, хамгаалалтын журмыг зөрчсөн асуудал гарсан. Энэ асуудлыг газар дээр нь арилгуулж, буруу хадгалж байсан бодисуудыг хуурай, шингэн төлөвөөр ялгаж химийн нэгдсэн агуулахруу нь зөөлгөсөн. Тус талбайгаас цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтаас, уснаас гурван дээж, хөрсний таван дээж авсан байгаа. Хяналт шалгалтын танилцуулга болон удирдамжийг аймгийн удирдлагуудад танилцуулсан.
Үүнээс гадна 21 дүгээр талбай дээр цагаан зээр олноор хорогдсон асуудалд шалгалт хийхэд иргэдийн ярьж байгаа шиг химийн бодисноос хордсон зүйл байхгүй байна. 19 дүгээр талбай дээр л химийн бодис хадгалалттай холбоотой асуудал гарсан бөгөөд 21 дүгээр талбай дээр энэ төрлийн зөрчил гараагүй. Энэ хоёр талбайн хоорондын зай нь 200 орчим км гэдгийг онцолмоор байна. 21 дүгээр талбайгаас бохир уснаас гурван дээж, хог хаягдлын дээж, зээрийн сэг зэмээс дээжийг аваад байна. Хяналт, шалгалтын ажлын эцсийн дүн одоогоор гараагүй.
Өнөөдөр Экологийн цагдаагийн алба, ШШЕГ-аас ажлын хэсэг ирж, зээр олноор үрэгдсэн асуудлыг юунаас болсоныг тодруулах ажлыг хийж байна." гэдгийг онцоллоо.