Завхан аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний орон нутгийн сургагч багш нар бэлтгэгдлээ
“Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 127 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Завхан аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” хөтөлбөрийг боловсруулж, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, баримтлах зарчим, төсөв төлөвлөлт, тайлан мэдээний загвар зэргийг тусгасан юм.
Үүний дагуу “Иргэн бүрт заавал хэвшүүлэх 21 дадал олгох” арга зүйн сургалтыг энэ сарын 26,27 өдрүүдэд зохион байгуулж, Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч, вакцинатрууд нийт 81 эмч эмнэлгийн мэргэжилтэн орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдлээ. Иргэдэд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг зааж хэвшүүлэх зорилгоор оролцогч нарт анхаарал төвлрүүлэх, сэргээх болон идэвхтэй дасгал хөдөлгөөнийг зааж сургасан байна. Мөн багуудыг сургалтад ашиглах СD, гарын авлага, материалаар хангажээ. Орон нутгийн сургагч багш нар нь цаашид иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах бөгөөд иргэн бүрт 21 дадлыг хэвшүүлэх зорилготой юм. Сургалтын төгсгөлд бүх оролцогчдод гэрчилгээ гардуулан өглөө.