ТОДРУУЛГА : “Тэс Петролиум“ ХХК-ийн ШТС-ын агуулах дэлбэрч нэг хүн нас барж, хоёр хүн олдохгүй байна
Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өглөө 09 цагт Онцгой байдлын газарт ирсэн тухай бид өмнө мэдээлж байсан.
Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан бөгөөд унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар Дархан-уул аймгийн засаг даргаас тодруулахад, "Яг одоо газар дээр нь бүрэлдэхүүнтэй баг ажиллаж галыг унтраахаар бүхий л арга хэмжээг авч байна. Тухайн газарт нийт гурван хүн байсан гэсэн мэдээлэл байна. Нэг хүн нь эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барчих шиг боллоо. Хоёр хүн одоогоор олдоогүй байна. Агуулах дэлбэрч их хэмжээний гал авалцсан учир унтраахад асуудал үүсэж байгаа тул Сэлэнгэ аймгийн ОБГ-тай хамтран ажиллаж байгаа. Галыг унтрааж дийлэхгүй байгаа учир болзошгүй эрсдэлээс сэргийлэн ойр хавийнх нь айлуудыг нүүлгэн шилжүүлж байна. " гэв.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Одоогоор хүн нас барсан талаар мэдээлэл ирээгүй байна" гэв.