Шатахуун тээвэрлэж явсан ачааны машин замын хажуу руу унаж, ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ
Ховд аймгийн төвөөс 120 км, Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны машин замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 11.14-ний өдрийн 19:23 цагт өгчээ.
Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан байжээ.
Улмаар жолооч А /51 настай, эрэгтэй/, зорчигч Ш /44 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг ажиллаж цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.