С.Цогтбаяр: Он гарсаар 55 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон
Орхон аймагт сүүлийн таван жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас 240 хүүхэд хохирчээ. Хүн амын тоо, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хотжилтын статус ойролцоо Дархан-Уул аймагтай харьцуулахад 21 хувиар өндөр байна. Иймд аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч С.Цогтбаяртай ярилцлаа.
- Энэ онд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?
- Орхон аймагт он гарсаар, эхний 8 сарын байдлаар нийт 16 хүүхэд хэрэгт холбогдож, 55 хүүхэд хохирогч болсон. Энэ оныхыг 2019 оны эхний 8 сартай харьцуулбал 30 гаруй хувиар буурсан ч 2020,2021 он буюу ковидын үетэй харьцуулахад өндөр байгаа юм.
Насанд хүрээгүй хүн гэмт хэрэгт холбогдож байгаа нөхцөл байдлыг судлахад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хулгайлах гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Харин хохирогч хүүхдийн хувьд эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хулгайд эд зүйлээ алдах, бусдын хаясан гээсэн эд зүйлийг шамшигдуулах, бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон тохиолдол давамгайлж байна. Хүүхэд хүүхдээ зодоод хохирогч болчихдог. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахад, үгийн алдаа, гаргасан жаахан сөрөг хандлага зэрэг ялихгүй зүйлээс улбаалаад нэгнийгээ хүнд гэмтээчихсэн байдаг. Энэ нь юутай холбоотой вэ? гээд судлаад үзэхээр эцэг эхийн хараа хяналт сул, миний хүүхэд хаана, хэнтэй нийлж, юу хийж байгаа вэ гэдэгт анхаарлаа хандуулаагүйн улмаас хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болж байгаа хандлага ажиглагдсан.
- Цагдаагийн газраас энэ онд хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байгаа вэ?
- Цагдаагийн байгууллагаас 2022 оны эхний 10 сарын байдлаар “Хүүхэд хамгаалал”, “Сэрэмжлүүлье”, “Насанд хүрээгүй хүнийг болзошгүй гэмт хэрэг, зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлье” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан.
Хамгийн сүүлд 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Хичээл эхэллээ” ерөнхий арга хэмжээ, улсын хэмжээнд нэг сарын хугацаатай зохион байгуулсан.
- Урьдчилан сэргийлэх чиглэлд хийсэн эдгээр ажлыг хэр зэрэг үр дүнтэй гэж үзэж байгаа вэ? Үр дүнг нь та бүхэн юугаар хэмжих вэ?
- Уг арга хэмжээний хүрээнд Орхон аймаг дахь Цагдаагийн газраас төлөвлөгөө гарган Цагдаагийн газрын даргаар батлуулан аймгийн хэмжээнд хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох холбогдох, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиуд болох МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль, Эрдэнэт цогцолбор дээд сургуулиудын оюутнуудад өнгөрсөн есдүгээр сард “Архины хор уршиг”, “Хотын соёл-Хариуцлагатай иргэн” сэдвээр сургалт орж согтууруулах ундааны хор уршиг, зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй эрсдэлийн талаар яриа, таниулга хийсэн.
Хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдох сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт дарамт, шахалтыг таслан зогсоох зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, гэмт хэргийн хор хөнөөлийн талаар ойлгуулах чиглэлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж, сургуулийн ойр орчимд хүүхэд эрсдэлд орж болзошгүй цэгүүдэд үзлэг шалгалт хийж School-police буюу эцэг эхийн эргүүл, Хүүхэд хамгааллын эргүүлүүдийг тогтмол ажиллуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, МСҮТ, Ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байр, Цахим тоглоомын газруудад хүүхдийн эрх аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар хяналт шалгалтыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллалаа. Хийж хэрэгжүүлсэн эдгээр ажлын үр дүнд насанд хүрээгүй хүн холбогдсон гэмт хэргийн тоо буурна гэсэн хүлээлттэй байгаа.
- Оюутан залуус, өсвөр үеийнхэнд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. Сүүлийн үед та бүхний санааг зовоож байгаа, хүүхдүүдийн дунд түгээмэл ямар зөрчил ажиглагдаж байна вэ?
- Электрон тамхины хэрэглээ оюутан залуус, өсвөр үеийнхний дунд түгээмэл дэлгэрч байгаа нь санаа зовоох асуудал болж байна. Хүүхдүүд электрон тамхины хор уршгийг сайн мэдэхгүй, бие биенээ даган дуурайх хэлбэрээр уруу татагдаж орох нь элбэг байна. Үүнтэй тэмцэх зорилгоор, аймгийн хэмжээнд утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг 21 нас хүрээгүй хүнд худалдан борлуулах 21 нас хүрээгүй хүнээр тамхи худалдаалуулахгүй байх, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон аймгийн засаг даргын захирамжийг гаргуулан, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин тогтмол эргүүл шалгалт хийн ажиллаж байна.
Түүнчлэн хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай сургуулийн орчинд хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.
- Ярилцсанд баярлалаа.