САЙХАН МЭДЭЭ: Хоол хийж, ногоогоо тарьдаг ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД гэнэ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон хүүхдүүдийнхээ хөгжлийг дэмжиж, өөрсдийн мөнгөөр шинэ танхим тохижуулж өгчээ.
Тодруулбал, хүүхдийн биеийн өндөрт тохирсон хөргөгч, тавиур, угаалтуур, угаалгын машин, хувцасны индүү, хайруулын таваг, оёдлын машин, мужааны хэрэгсэл гээд дан жижиг овортой тавилгуудаар өрөөг тохижуулжээ.
Энэ талаар нэгэн иргэн цахим хуудаснаа "Магтахгүй өнгөрөхийн аргагүй гайхуулмаар хамт олон. Хөдөөний энгийн цэцэрлэг гэхэд хотын барагтай хувийн цэцэрлэгээс олж харахгүй сургалтын орчин, ажилдаа дурлаж хүүхдийн төлөө чин сэтгэлээ зориулдаг хамт олон. Бүр атаархмаар Хөвгүүд аж ахуйн ажилд, охид ахуйн ажилд суралцаж, тоглонгоо хөгжих зөндөө сонирхолтой булантай. Цэцэрлэг бүхэн ийм гоё болж, багш болгон ажилдаа ийм зүтгэлтэй байж, хүүхэд бүхэн ийм сайхан суурь хүмүүжлийг олж аваасай" хэмээжээ.