Баян-Өлгий аймагт 32 жил мал маллаж байгаа З.Абай “Улсын Аварга Малчин” боллоо
Усан бар жилийн босгон дээр Баян-Өлгий нутгаас нэг "Улсын хошой аварга малчин өрх", гурван "Улсын аварга малчин өрх" нийт дөрвөн Улсын аварга малчны хотноос тодорсон билээ.
Тэгвэл шинэхэн аваргуудын нэг Бугат сумын Хатуу багийн малчин Займолдагийн Абайгийн гэр бүл энэ жил “Монгол Улсын аварга малчин өрх” болж, шагналаа гардан авлаа.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн эрхэм дээд шагнал Мөнгөн цом, тууз, үнэмлэхийг УИХ-ын гишүүн Т.Аубакир болон аймгийн удирдлагууд малчны хаваржаанд очиж гардуулан өглөө.
Хужирт уулынхаа бэлийг түшиглэн нутагладаг малчин З.Абайгийнх “Хужирт” хэмээх газар хаваржиж байна.
32 жил мал маллаж байгаа З.Абай нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 1600 гаруй толгой мал тоолуулсан байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд малынхаа чанар, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Тэрээр 2003 онд сумын Сайн малчин, 2007 аймгийн Аварга малчин, 2011 онд аймгийн Алдарт уяач шагналыг тус тус авсан байна.
Малчин З.Абай нь мал аж ахуйгаас олсон орлогоороо сум, баг, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлж байна. Үүний зэрэгцээ хөдөөд ажлын байрыг бий болгож, хоёр туслах малчин ажиллуулан сар болгон цалинг тогтмол өгөхөөс гадна нийгмийн даатгал төлж дэмжин ажилладаг байна.
Эрс тэс уур амьсгалтай, өндөр уулсын бүсэд мал сүргээ өсгөн үржүүлдэг Өлгийн малчдын тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэлийг бахдаад баршгүй.
Зургийг Монгол малчин сэтгүүлээс авав.