ЗАМЫН-ҮҮД: Зорчигчийн терминал ашиглалтад орсноор өдөрт ирж байгаа зорчигчдын тоо дөрөв дахин, автомашины тоо гурав дахин нэмэгдэнэ
Яг одоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна. Уг ажлын хэсэгт Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, МХЕГ-ын дарга Т.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцож байна.
Энэ үеэр шинээр баригдаж буй боомтын зорчигчийн терминалтай танилцсан бөгөөд төслийн талаар албаны хүмүүсээс тодруулахад "Зорчигчийн терминалын ажил яг одоо үргэлжилж байна. Инженерийн шугам сүлжээний ажлын гагнах ажил хийгдэж байна. Зорчигч тээврийн шалган нэвтрүүлэх хэсэгт нийт 18,8 га талбайд ногоон байгууламж бүхий 30 барилга байгууламж баригдахаар төлөвлөгдсөн. Боомтыг шинэчлэн барьснаар өдөрт ирж байгаа зорчигчдын тоо дөрөв дахин нэмэгдэх боломжтой. Ачаа тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх 14,9 га талбайд ногоон байгууламж бүхий 28 барилгатай боомтын цогцолбор баригдана. Өдөрт том оврын автомашины тоо хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх боломжтой. Мөн 1,7 км хүнд даацын автомашины замыг барьж байгаа бөгөөд энэ ажлыг хурдан дуусгах тал дээр анхаарч ажиллаж байна. Дулааны шугам, цэвэр, бохир шугамын угсралтын ажил хийгдэнэ. Энэ ажлын цутгалтууд бүрэн хийгдсэн. Шугам, хоолойг гагнаж, холбох ажил хийгдэж байна. Гэрээнд заагдсан хугацаагаар өнөөдрийн байдлаар ажлын явц 62 хувьтай байх ёстой ч 37 хувьтай явж байна. Цар тахлын нөлөөллөөс болж ажиллаж байсан туслан гүйцэтгэгч Монгол компаний ажилчид өвчнөөр шалтаглан 50 гаруй хүнийг Улаанбаатарлуу буцаасан. Одоо БНХАУ-ын 89 ажилчин ажиллаж байгаа бол 40 гаруй Монгол иргэд ажиллаж байна. Энэ жил 510 ажиллах хүчний квот авсан ч БНХАУ-ын талаас иргэдээ оруулахгүй байна. " хэмээлээ.
Энэ үеэр Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан төслийн багийнханд хандан "Замын-Үүдийн бүх ажлыг эзэнтэй болгох хэрэгтэй. Боомтын зорчигчийн терминалын төслийн удирдагч, инженер хүмүүс ямар станц, ямар хүчин чадалтай байгууламж барих гэж байгаагаа ч мэдэхгүй байх нь зохисгүй. Коронавирусийн халдвартай холбоотойгоор ажил бага зэрэг удааширсныг буруутгахгүй ч бүхэл бүтэн 30-40 хүний багтай байж ажил нь явахгүй байна. Бидэнд дутагдаж байгаа зүйл юу ч байхгүй. Төсөв, санхүү бүгд шийдэгдсэн. Гадна, дотор ажлаа зэрэг явуулж байж хурдан хугацаанд ашиглалтад орно. Та бүхэн хотын төвд суучихаад тэндээс төслөө удирдана гэж байхгүй. Эндээ суурьшиж ажилла.
Асар их хөрөнгө оруулалтаар маш том эдийн засгийн эргэлтийг бий болгох ажил дээр сууж байж та нар хариуцлагагүй байх ёсгүй. Дулааны цахилгаан станц дахин барихгүй. Энэ бол дэмий мөнгө зарлагадсан л ажил байна. Терминал ашиглалтад орсноор ачаа тээвэр гурав дахин нэмэгдэнэ. Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг шийдвэрлэхэд танай ажил хамгийн чухал." хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ: