М.Сарантуяа: Аав, ээж минь төрийн үйл явдлыг ямагт хүндэтгэж бай гэж захидаг
Монгол Улсын төрийн шинэ тэргүүнээ сонгох сонгуульд Дарьганга үндэсний хувцсаараа гоёж ирсэн бүсгүй олны анхаарлыг татаж байна. Түүнтэй цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа. Түүнийг М.Сарантуяа гэдэг. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул. Одоогоор Баруун-Урт суманд хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байна.
-Юуны өмнө төрийн сонгуульдаа идэвхтэй оролцож, монгол үндэсний тэр дундаа Дарьганга үндэсний хувцсаа олонд сурталчилж байгаа танд талархал илэрхийлье?
-Маш их баярлалаа. Өөрийн гараар урласан хувцас маань олонд таашаагдаж байгаад баяртай байна.
-Та энэ хувцсаа өөрөө оёсон уу?
-Тийм ээ. Би хувиараа оёдол, гоёл чимэглэлийн урлан эрхэлдэг. Ээж маань Дарьгана суманд уран Д.Тунгалаг нэрээр алдаршсан эмэгтэй бий. Ээжээсээ юм оёх эрдэмд суралцан, одоо үүгээрээ амьдралаа залгуулж явна. Энэ дарьганга үндэсний дээлийг яг үндсэн эх загвараар нь өөрөө оёсон.
-Дээлээ онцгой өдрүүдэд л гаргаж өмсөх үү?
-Тэгэлгүй яахав, өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулгыг манай аймагт ирэх үед уулзалтад нь энэ хувцсаа өмсөөд очиход Ерөнхийлөгч өөрийн биеэр надад баяр хүргэн, хамтдаа зургаа татуулсан. Тэгэхээр бидний үндэсний хувцас ингэж л ямар ч хүний нүдэнд содон тусдаг байх нь шүү дээ. Нөгөө талаар монгол хүн өөрөө үндэсний хувцсаа өмсөж, түгээн дэлгэрүүлнэ гэдэг нэг ёсны үүрэг гэж би боддог. Дээлээ үндэсний баяр наадмаас эхлээд төрийн тэмдэглэлт үйл явдлын үеэр өмсдөг. Ялангуяа сонгуульд саналаа өгөхөөр ирэхдээ өмсөх илүү дуртай. Аав, ээж минь төрийн сонгуулиа хүндэтгэх ёстой гэж үргэлж захидаг. Тийм ч учраас яг өөрийн үндэсний хувцсыг өмсөөд, төр түмнээ хүндэтгэн ингэж гоёод очдог доо.
Энэ жил сонгуулиа эрт өгсөн байсан?
-Тийм ээ. Сонгуулийн өдөр эртлэн босоод, 7.00 цагт гэрээсээ гардаг. Энэ жил 7 цаг 40 минутын орчимд очиж саналаа өгөөд ирсэн. Би ер нь бүх л сонгуульд идэвхтэй оролцдог. Иргэдийг ч ийм байгаасай гэж хүсдэг. Учир нь энэ бол бидний, бидний үр хүүхдийн, эх орны минь ирээдүйтэй шууд холбоотой шүү дээ.
-Хүмүүс таны дээлийг их л сонирхож байгаа бололтой. Захиалгаар оёулах хүсэлтэй хүн байдаг л байх даа?
-Тийм ээ, захиалга маш их ирж байгаа. Үндсэн Дарьганга загвараа алдагдуулахгүйгээр орчин үеийн загвартай хослуулан өөр өөрөөр урлаж үзэх хүсэлтэй байгаа. Харин яг өөрийнх шигээ эх загвараар дахин нэгийг оёж Дарьганга сумынхаа орон нутаг судлах танхимд хадгалуулахаар төлөвлөж байгаа.
-Үнэ өртгийн хувьд энгийн дээлээс өөр байх?
-Мэдээж оёдол эсгүүрээс эхлээд ажиллагаа, дагалдах гоёл чимэглэл ихтэй учир монгол дээлээс үнэтэй. Толгойн гоёлыг дуураймлаар хийдэг л дээ. Цаашид алт, мөнгөний дархантай хамтарч толгойн гоёлоо илүү сайжруулах талаар бодож санасан зүйл их байна. Ингэж төгс бүтээл болгон патентжуулаад илүү их түгээх юмсан гэсэн мөрөөдөл надад байдаг. Монголчууд төдийгүй гадны жуулчид ихээр сонирхдог хувцас шүү дээ энэ чинь.
-Мөрөөдлөө биелүүлэхэд тань юу саад болж байна?
-Яг үнэндээ хөрөнгө мөнгөн дээр л гацдаг. Өнгөрсөн жил түймэрт өртөж гэр маань шатсан. Тухайн үед дээл маань өөр айлд байсан болохоор надад үлдсэн юм. Янз бүрийн төсөл хөтөлбөрт хамрагдаад тэнцсэн ч барьцаа хөрөнгөгүйгээсээ болоод зээл авч чаддаггүй.
-Энэ талаараа та аймгийн удирдлагуудад хандаж үзсэн үү?
-Үзсээн, бүгд л сайхан таатай хүлээж авдаг ч яг ажил хэрэг болгодоггүй. Уг нь энэ бол бидний маш том өв соёл шүү дээ. Үүгээр ганц би биш орон нутаг орлого олж, цаашлаад жуулчдыг ч татах боломжтой юм шиг санагддаг. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд нэг их том зүйл ярьж хүлээгээд байлгүй энэ мэт жижиг мэт боловч асар үнэт өв соёлоо дэмжээд, сурталчилж чадвал жинхэнэ утгаараа аяал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой байх. Тиймээс аймаг гэлтгүй улс ч гэсэн өв соёлоо анхаарч, хайрлан хамгаалж, дэмжиж чадвал бидэнд маш том нөөц, баялаг бий гэж боддог.
-Мөрөөдлөө заавал ажил хэрэг болгоорой. Танд амжилт хүсье?
-Маш их баярлалаа. Үндэсний хувцас, өв соёлоо сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. Энэ бол хувиараа хөдөлмөр эрхлэгч хүмүүст маш том дэмжлэг шүү дээ.
Эх сурвалж: Монцамэ