25-44 насныхан коронавирусийн халдварт их өртөж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллалаа. Өнөөдөр Vero Cell, Pfizer вакцин хийж байгаа учраас дархлаажуулалтын цэгт ачаалал их байв.
Улсын хэмжээнд вакцины:
I тунд хамрагдалт 89.8%
II тунд хамрагдалт 64%-тай байна.
Нийслэлийн хэмжээнд:
I тунд хамрагдалт 99.8%
II тунд хамрагдалт 78.3%-тай байгаа юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “25-44 насныхан коронавирусийн халдварт их өртөж байна. Мөн 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байгаа. 25-44 насны 130 мянган хүн вакциндаа хамрагдаагүй” хэмээв. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдаагүй иргэд халдвар авах нь их байгаа юм.
Баянзүрх дүүрэгт өнөөдөр найман цэгт вакцин хийж байна. Дархлаажуулалтын цэгт ажиллаж байгаа эмч нар иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгааг хэлж байлаа. Pfizer вакциныг тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн. Тус вакциныг хөгжлийн бэрхшээлтэй, гэрийн асаргаанд байдаг, архаг өвчтэй болон хөхүүл хүүхэдтэй хүмүүст хийж байгаа юм.