ФОТО: Говь-Алтайд хүчтэй шуурганы улмаас 25 айлын гэр нурж, 28 байшингийн дээвэр хууларчээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутгаар өчигдөр 36м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас олон айлын хашаа нурж, байшин барилгын дээвэр, самбар, гэрлийн шон унаж, албан байгууллага, ард иргэдэд үлэмж их хэмжээний гарз хохирол учирсан байна.
Сумын Засаг даргаар ахлуулсан ажлын баг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, иргэдэд учирсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа тухай тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Тодруулбал, 18:40 цагийн байдлаар Алтай хотод шуурганы улмаас 25 айлын гэр нурж, 28 байшингийн дээвэр хууларч, автомашины цонх хагарах, замын гэрэлтүүлгийн шон, зарын самбар унах гэх мэт хохирол бүртгэгджээ.
Шороон шуурга үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн:
- Хол ойрын замд зорчихгүй байх
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх
- Малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас сэргийлж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг Есөнбулаг сумын ЗДТГ-аас онцгойлон анхаарууллаа.