Баян-Өлгийд шинжилгээний бичиггүйгээр хот хоорондын хөдөлгөөнд оролцсон ЗӨРЧЛҮҮД түгээмэл үйлдэгджээ
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийг судалж, холбогдох арга хэмжээг авчээ.
Тус аймгийн хэмжээнд энэ оны эхний 4 сарын байдлаар Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг нийт 40 бүртгэгдэж, 28 хүн, 1 хуулийн этгээд торгох, 4 хүн баривчлах шийтгэл тус тус хүлээсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.
Нийт зөрчлийн хэргийг судлахад эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн зөрчлүүд зонхилон гарсан байна. Ялангуяа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хязгаарласан үйл ажиллагаа явуулсан, архи согтууруулах ундааны зүйлийг нууцаар зарсан, хурим найр, цайллага гэх мэт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан, гэрийн ажиглалтад байх хугацааг зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, шинжилгээний бичиггүйгээр хот хоорондын хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчлүүд түгээмэл үйлдэгджээ.
Иймээс Баян-Өлгий аймгийн прокурорын газраас орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулсан байна.