ӨВӨРХАНГАЙ: Халдварын 13 тохиолдол Улаанбаатар хотоос зөөвөрлөгджээ
Өвөрхангай аймагт сүүлийн 24 цагт 252 хүнийг PCR шинжилгээнд хамруулснаас Арвайхээр суманд 8, Баруунбаян-Улаан суманд 3, нийт 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Баруунбаян-Улаан суманд Улаанбаатар хотоос буяны ажилд ирсэн таван иргэний гурваас нь коронавируст халдвар илэрсэн бөгөөд БОЭТ-д зөөвөрлөн авчирч эмчилгээг эхлүүлсэн байна.
Халдвар анх илэрсэн 3 дугаар сарын 22-ноос хойш аймгийн хэмжээнд 14 голомт үүсч, 255 хүн халдвар авсны 75.2 хувь буюу 192 хүнийг эмчилжээ. Өнөөдрийн байдлаар есөн голомт идэвхтэй байна.
Нийт халдварын 13 тохиолдол нь зөөвөрлөгдөн ирсэн ба тодруулбал, Бүрд суманд 1, Хархоринд 2, Арвайхээрт 4, Тарагтад 2, Баруунбаян-Улаанд 3, Хужирт суманд 1 хүн халдвар тээн иржээ. Тэдгээрийн 30.7 хувь нь буяны ажлаар, 54 хувь нь өвс, ачаа тээвэрлэлтээр ирсэн байна.