Гэрлүүгээ явахаар мотоциклтэй гарсан хүү нас барсан байдалтай олджээ
Өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурсан билээ. Энэ үеэр буюу дөрөвдүгээр сарын 25-ны 12.30 цагт Иргэн Л Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэр рүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 26-ны 00:40 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар тус өдрийн 17:50 цагт “Нар-Уулын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ унаж явсан мотоциклыг олсон байна. Харин дөрөвдүгээр сарын 27-ноос 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 09:30 цагт Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т “Хүрэмтийн-Амны Огторгоны бууц” гэдэг газраас цогцсыг олжээ.









