ӨВӨРХАНГАЙ: Аймаг руу нууцаар нэвтэрсэн, PCR шинжилгээний хариугүй иргэнээс ковид-19 илэрчээ
Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүйгээр, PCR шинжилгээний хариу авалгүй, хяналтын постуудыг явганаар тойрч нэвтрэх байдлаар Арвайхээрт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Уг иргэнийг 4-р сарын 13-нд аймгийн төв дэх Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт эмчилж байгаа ба ойрын хавьтал болох долоон иргэнийг тусгаарлаад байна.
Тусгаарлах байрны төлбөр хоногийн 50 мянган төгрөг бөгөөд эдгээр иргэдийн тусгаарлах байр, хоолны зардлыг дээрх зөрчил гаргасан иргэнээр нөхөн төлүүлнэ. Тус аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн 216 иргэнийг цахим бүртгэлийн систем ашиглан олж тогтоосон бөгөөд сануулах арга хэмжээ авчээ.
Тэгвэл 4-р сарын 12-ноос эхлэн гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтын дагуу 100 мянган төгрөгөөр, хорио цээрийн дэглэм зөрчиж, бусад бүсээс аймаг руу зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг оролдсон буюу нэвтэрсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 дахь заалтын дагуу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
Цаашид гэрийн ажиглалтын дэглэмийг удаа дараа зөрчсөн иргэнийг бусдад санаатайгаар эрсдэл учруулахыг завдсан хэмээн үзэж, нэр, хаягаар нь цахим орчинд ил тод зарлахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Мөн ПСР шинжилгээ өгөөгүй, зөвшөөрлийн бичиггүйгээр аймаг руу нэвтрэн орж, халдвар тараасан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцож, ойрын болон дам хавьтлуудаас гарсан бүх зардлыг тухайн иргэнээр төлүүлнэ. Иймээс хорио цээрийн дэглэм зөрчиж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулах, эдийн засгаараа хохирохгүй байхыг тус аймгийн Шуурхай штабаас иргэддээ анхаарууллаа.