Дархан-Уул аймаг руу нэвтрэх иргэд өөрсдийн төлбөрөөр шинжилгээ өгнө
Дархан-Уул аймаг руу нэвтэрч буй иргэд постон дээр коронавирусийн төлбөртэй түргэвчилсэн оношлуурт хамрагдсаны үндсэн дээр нэвтрэхээр болжээ.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт 5 хүний шинжилгээ эерэг гарсан юм. Эдгээр тохиолдлууд нь
- 1 нь Хонгор сумын иргэн,
- 2 нь Өмнөговь аймгаас ирсэн иргэн,
- 1 нь гэрийн тусгаарлалтад байсан иргэн,
- 1 нь Улаанбаатар хотоос ирсэн хүнс тээврийн жолоочоос тус тус илэрсэн байна.
Түүнчлэн “Ковид-19” халдварт өвчлөлийн тохиолдол Дархан сумын 2 баг буюу Ширээ нурууны 14 иргэнд батлагдаж 30 орчим иргэн ойрын хавьтал болсон. Үүнтэй холбогдуулан Ширээ нуруунд 72 цагийн хугацаанд зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоож иргэдээс PCR шинжилгээг авч эхэлсэн байна.
Эмчлэн тусгаарлах байрнаас өнөөдөр /2021.04.12/ 11 иргэн гэрийн тусгаарлалтад шилжиж нийт 48 иргэн эмчлүүлж байгаагийн нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа талаар Эрүүл мэндийн газраас мэдээллээ.