ЗАВХАН: Улиастай суманд 72 цагийн хугацаатай ТЭГ ЗОГСОЛТ хийлээ
Завхан аймгийн Улиастай суманд өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай тэг зогсолт хийж, хатуу хөл хориог тогтоолоо.
Тус суманд дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн 4 иргэнээс өчигдөр /2021.04.12/ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний хариу эeрэг гарлаа.
Нэгэн иргэний аав нь хавдартай учир хотод ирж, мэс засалд орж эмчилгээ хийлгэн буцахдаа шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ. Харин нутагтаа ирээд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгтөл эерэг гарсан байна. Нэг иргэн нь гэрийн тусгаарлалт зөрчсөн байна. Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага оногдуулж, заримыг нь баривчилсан хэмээн Аймгийн Онцгой комиссын дарга хэллээ.
Халдвартай иргэдийг аймгийн Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчилж байгаа аж.
Ойрын хавьтлын 47 хүнийг тогтоогоод байгаа ба дам хавьтлуудыг тодруулахаар ажиллаж байна гэв.