ХӨВСГӨЛ: Тариалан суманд коронавируст халдварын 3 тохиолдол батлагдаж, 0 зогсолт хийлээ
Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 иргэний РСR шинжилгээний хариу эерэг гарсан учраас тус суманд тодорхойгүй хугацаагаар 0 зогсолт хийж байна.
Тодруулбал Тариалан сумаас Архангай аймагт очиж буяны ажилд оролцоод ирсэн 3 иргэнээс халдвар илэрчээ. Эерэг гарсан 3 тохиолдлыг сумын Эрүүл мэндийн төвийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилж эхэлсэн, иргэдийн биеийн байдал хөнгөн байгаа аж.
Батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр хавьтлын 13, хоёрдугаар хавьтлын 26 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад байгаа бөгөөд тухайн иргэдэд 24 цагийн хяналт тавин ажиллаж байгаа гэнэ. Тариалан суманд 0 зогсолт хийсэн учраас эмийн сан, хүнсний дэлгүүр, ус түгээлтийг тодорхой цагуудад хүргэлтээр үйлчилж байна. Мөн сумаас гарах, орох хөдөлгөөнд 6 чиглэлд хяналтын пост ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна гэдгийг Тариалан сумын Засаг дарга Х.Эгиймаа мэдээллээ.