Дорнодод очсон иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарч, НОГООН БҮСЭД шилжжээ
Дорнод аймаг ногоон бүс хэвээрээ байна. Өмнөговь аймгаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин Дорнод аймгийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн иргэн А-гаас коронавируст халдвар илрээд байсан юм. Тэр даруй Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, аймгийн төвийг шар түвшинд, Цагаан-Овоо, Сэргэлэн, Баяндун сумыг улаан түвшинд шилжүүлж хязгаарлалтын дэглэм тогтоосон.
ХӨСҮТ-д дээрх хулгайгаар зорчсон хоёр иргэний баталгаажуулах шинжилгээг илгээснээр дөнгөж сая сөрөг гарсан гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Дээрх иргэд нь дөрвүүлээ, хоёр автомашинтайгаар хулгайн замаар зорчсон бөгөөд халдвар голомтолсон Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ШТС-аар үйлчлүүлж, Дорнод аймгийн гурван сумаар зорчсон тул эрсдэлтэй гэж үзэн яаралтай тусгаарлаж арга хэмжээ авсан гэв. Ачааны машинтай хоёр иргэн нь хяналтынханд саатуулагдахаас өмнө буцсан байжээ.
Баталгаажуулах шинжилгээний хариу сөрөг гарсантай холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж, Дорнод аймаг ногоон бүс болсныг мэдэгдэв. Тиймээс бизнесийн бүх үйл ажиллагаа өмнөх горимоор хэвийн үргэлжилнэ. Харин сургууль, цэцэрлэгийг хэрхэн хичээллүүлэх асуудлыг маргаашийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.