ПРОКУРОР: Дорнодод хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ГЭМТ ХЭРЭГ их гарчээ

2021 оны 4 сарын 02

Arslan.mn

Дорнод аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдлыг 2021 оны эхний 2 сарын байдлаар судалжээ.

Энэ хугацаанд дээрх төрлийн 32 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар буурсан боловч нийт хэргийн дийлэнхийг буюу 27.3 хувийг эзэлж байна.  Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 1 хэрэг байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус аймгийн төв болох Хэрлэн суманд 81.2 хувь нь үйлдэгдсэн бол Булган сумын 2 дугаар баг, Матад сумын 3 болон 6 дугаар баг, Халхгол сумын 3 дугаар баг, Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг, Чулуун хороот сумын 5 дугаар багт тус бүр 1 гарчээ. 

Энэ төрлийн гэмт хэрэг ихэнхдээ өдрийн цагаар үйлдэгдсэн бөгөөд 78 хувь нь гэр орон сууцанд, 15.6 хувь нь гудамж, олон нийтийн газарт, 6.2 хувь нь бэлчээр, хөдөө хээр газарт үйлдэгдсэн байна.

Харин гэмт хэрэгт холбогдогчдын 90.6 хувь нь 26-35 насны эрэгтэй хүмүүс байгаа бол 50 хувь нь бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. 

Гэмт хэрэг үйлдэхдээ хутга болон бусад зэвсгийн чанартай зүйл ашигласан 6, урьд энэ төрлийн болон бусад гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан 8, хохирогчтой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 15 холбогдогч байна.

Прокуророос дээрх хугацаанд үйлдэгдсэн нийт 32 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан зэрэг гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 2 шүүгдэгчид тус бүр 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 22 шүүгдэгчид 450 мянган төгрөгөөс 1 сая 350 мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь ахуйн хүрээнд ах дүү, найз нөхдөөрөө нийлж архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх, улмаар бусадтай таарамжгүй харьцах, хардалт, ялимгүй зүйлээс болж хэрүүл маргаан үүсгэх зэргээс болж үйлдэгдэж байгаа болох нь судалгаагаар тогтоогджээ. Нөгөөтэйгүүр орон нутгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудаас иргэдэд чиглэсэн хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, архидан согтуурахтай тэмцэхэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажил туйлын хангалтгүй байгаатай шууд холбоотой байна гэж дүгнэсэн байна. 

Иймд Дорнод аймгийн прокурорын газраас дээрх төрлийн гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгдсэн Хэрлэн сумын 10 болон 6 дугаар багийн Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сум орон нутгийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийжээ.  

 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625084
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up