Хэнтийд 6 тохиолдол бүртгэгдэж, ХӨЛ ХОРИО тогтоолоо

2021 оны 3 сарын 26

Arslan.mn

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас өнөөдөр (2021.03.26) 10:00 цагт ХӨСҮТ-д хүргүүлсэн PCR шинжилгээний 7 сорьцын 6 нь эерэг гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа.

Гамшгаас хамгаалах Шуурхай штаб, хариу арга хэмжээний баг, бүлгүүд үүсэж болох эрсдэлийг тооцож, өчигдөр 16:00 цагаас өнөөдрийг хүртэл эрсдэлийн үнэлгээ тооцож, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулаад байсан юм.

Онцгой комиссын хурлаар эрсдэлийн үнэлгээг танилцуулж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Өчигдөр оройноос эхлэн Бор-Өндөр, Баянмөнх, Дархан, Хэрлэн суманд нийт 96 PCR шинжилгээний сорьц авсан бөгөөд шинжилгээний хариу аймгийн Нэгдсэн эмнэлэгийн "Молекул биологийн лаборатори"-д 20:00 цагт гарна гэж ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр мэдэгдлээ.

Arslan.mn

Өнөөдрийн хуралдааны дүнд аймгийн Засаг дарга дараах шийдвэрийг гаргалаа. 

1. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх сумдыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан тус сумдад хатуу хөл хорионы дэглэмийг мөрдүүлж, тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагаас 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 06:00 хүртэлх хугацаанд бүрэн зогсоож, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Онцгой байдлын газар /хурандаа Ж.Эрдэнэбат/, Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

3. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн сумдад гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албад, тусгай чиг үүрэг гүйцэтгэх төрийн байгууллагаас бусад төрийн байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагааг дээрх хугацаанд зогсоолоо.

4. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтал бүхий иргэдийн судалгааг гаргаж, шинжилгээнд хамруулан хяналт тавьж ажиллахыг Тагнуулын хэлтэс /дэд хурандаа Н.Алтангэрэл/, Онцгой байдлын газар /хурандаа Ж.Эрдэнэбат/, Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, сумдын Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.

5. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн сумдын бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.

6. Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх сумдаас бусад сумдын нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

7. Дээрх хугацаанд Хэнтий аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйлчилгээ, олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, жагсаал цуглаан, соёл урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ зохион байгуулах, сургалтын төв, фитнесс бялдаржуулах төв, баар, ресторан, караоке, цэнгээний газар, компьютер болон биллиард тоглоомын газар, сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо.

8. Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, олон нийтийн газарт зорчих үедээ гар ариутгагч хэрэглэн амны хаалт тогтмол зүүхийг аймгийн нийт иргэдэд, бараа үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгон ажиллахыг хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт үүрэг болголоо.

9. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /хурандаа Ж.Эрдэнэбат/-д тус тус даалгалаа.

Эх сурвалж: ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624832
1 эможи

keyboard_arrow_up