Баянхонгор аймагт хуурамч PCR-ийн шинжилгээ үзүүлж нэвтэрсэн иргэнээс коронавирус илэрлээ
Гурван эх үүсвэрээс батлагдсан коронавирусний 4 тохиолдол Баянхонгор аймагт бүртгэгдэж, хавьтлуудыг тогтоох тандалт судалгааг хийж байна. Цаашид тархалтыг зогсоох зорилгоор энэ сарын 26-29-ний 00.00 цаг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Энэ хугацаанд аймгийн хэмжээнд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд /Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Зэвсэгт хүчний 339-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/, Эрүүл мэндийн байгууллага, эм ханган нийлүүлэх нэгжүүд, ус усан хангамж түүгээр үйлчлэх цэгүүд, шатахуун түгээх станц, эрчим хүчний байгууллага, хүнсний дэлгүүр, супермаркет тус тус ажиллаж, бусад бүх төрийн болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байна.
Дээрх хугацаанд хойшлуулшгүй ажил /буяны ажил, малчдын хүнс болон өвс тэжээлийн тээвэрлэлт, эрүүл мэндийн шалтгаан/-аар аймаг дотор зорчих тохиолдолд сумын Онцгой комиссын зөвшөөрлийн бичгээр хөдөлгөөнд оролцоно.
Аймгийн Онцгой комиссоос нийт иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн гэр гэртээ байхыг анхааруулав.
Халдвар авсан иргэдийн хавьтлуудын талаарх мэдээллийг Цагдаагийн газрын 7044-102 дугаарт ирүүлж, аймгийн Онцгой комисстой хамтран ажиллахыг мөн зөвлөлөө.
Батлагдсан нэг тохиолдлын хувьд Улаанбаатар хотын иргэн А нь Өлзийт суманд шинжилгээний хуурамч бичигтэй нэвтэрсэн байсныг холбогдох газраас шалгаж тогтоожээ.