Дархан-Уул аймаг “ШАР” түвшин рүү шилжлээ
Дархан-Уул аймгийн онцгой комисс гуравдугаар сарын 24-ний 00:30 цагт хуралдаж, шөнийн 02:30 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Өчигдөр коронавирусний батлагдсан тохиолдол долоо бүртгэгдсэн бол өнөөдөр эх үүсвэр нь тодорхойгүй 4 тохиолдол бүртгэгдсэн байна.
48 цагийн дараах байдлаар батлагдсан тохиолдол 11 болж гамшгийн эрсдэлийн Шар түвшин рүү Дархан-Уул аймаг шилжиж байгааг Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдэгдлээ. Тиймээс Улсын онцгой комиссоос гаргасан түр журмыг хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. Үүнд:
- Олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт,
- хүүхдийн тоглоомын төв,
- цахим тоглоомын газар,
- бүх төрлийн үйлчилгээний газрууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй,
- диско баар, караоке хязгаарлахаар боллоо.
Тархалтыг бууруулах зорилгоор иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагаа, Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагаа, Шарын гол, Орхон, Хонгор сумын орох, гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 24-ний 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Харин дэд бүтцийн байгууллагууд дээрх хязгаарлалтад хамаарахгүй аж.
Түүчнлэн Дархан-Уул аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг холбогдох бичиг баримтыг үндэслэн зөвшөөрлөөр гаргах аж.
Хүндэтгэн үзэх шалтгаанд эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна. Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас ирэхдээ тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирнэ.
Түүнчлэн эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн тохиолдлын нэг нь ХХҮГ-ын ажилтан аж. Тиймээс сүүлийн 14 хоногт Хөдөлмөр халамж үйлчилгээний газраар үйлчлүүлсэн иргэд 7037-0122, 9924- 6468 дугаарт холбогдохыг анхааруулж байна.
Шар түвшинд шилжинэ гэдэг нь тухайн бүс нутаг нь коронавирусний зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай бүс аж. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохыг хэлдэг ажээ.