Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ЭНЭ САРЫГ дуустал хязгаарлалаа
Улаанбаатар хотод коронавирусийн халдварын хэд хэдэн голомт хяналтгүй болсонтой холбогдуулан Завхан аймгийн нутаг дэвсгэрт халдвар зөөвөрлөгдөн ирэх магадлал өндөр байна гэж Завхан аймгийн удирдлагаас үзжээ. Иймд аймгийн Шуурхай штабын энэ өдрийн /2021-03-15/ хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу 2021 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл хязгаарлана.
Завхан аймаг дотроо зөвхөн Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Мөн дараах шийдвэрийг Завхан аймгийн удирдлагаас гаргажээ. Үүнд:
УЛААНБААТАР ХОТ БОЛОН ГОЛОМТ БҮХИЙ БУСАД АЙМАГ РУУ ЗОРЧИХ ТОХИОЛДОЛД:
1.Зөвхөн 5 тонноос дээш хүнс тээвэр, шатахуун тээвэр, буяны ажлаар нэвтрүүлнэ.
2.Хүнс тээврийн жолооч нар туслах жолоочтойгоо зорчих бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан нэг цэгээс түгээлт хийнэ.
3.Онош тодруулах болон яаралтай түргэн тусламжаар нэвтрэх тохиолдолд аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын зөвшөөрөлтэй байна.
4.Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тохиолдолд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвшөөрөлтэй байна.
5.Улаанбаатар хот болон бусад аймаг руу харьяаллынх нь дагуу нэвтрүүлэх бөгөөд Завхан аймгаас гарч буй иргэд улсын хэмжээнд бүрэн хүн тун вакцин хийж дуустал буцаж ирэхгүй байхаар өөрийн хүсэлтээ гаргасан байх
6.Буяны ажлаар ирж буй нэг тээврийн хэрэгсэл 5-аас ихгүй зорчигчтой байна.
7.Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслийг 2021 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн 23:00-09:00 цагийн хооронд Улаанбаатар хотруу нэвтрүүлэхгүй тул ард иргэдийг цаг хугацаагаа тохируулж зорчихыг анхааруулж байна.
8.Улсын Онцгой комиссоос 2021 оны 3-р сарын 28-ны өдөр хүртэл хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
УЛААНБААТАР ХОТ БОЛОН ГОЛОМТ БҮХИЙ БУСАД АЙМГААС ИРЭХ ТОХИОЛДОЛД:
1.Улаанбаатар хот болон голомт бүхий бусад аймгаас зөвхөн Завхан аймагт ажиллаж, амьдардаг байнгын оршин суугч иргэдээ иргэний үнэмлэх болон багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хүлээн авна.
2.Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн иргэд шууд гэрийн тусгаарлалтад шилжиж журмаа чанд мөрдөнө. Улсын онцгой комиссын 2021 оны 2 сарын 25-ны өдрийн тогтоолын дагуу тухайн сумын Шуурхай штабаас иргэн бүрт баталгаажуулалтын хуудас, холбогдох мэдээллийг өгч хатуу хяналт тавьж ажиллана.
3.Хүнс тээврийн жолооч нар халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж нэг цэгээс түгээлт хийсний дараа гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдөнө.
4.Их-Уул, Нөмрөг, Сонгино, Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй сумдад хяналтын цэг ажиллана.
5.PCR шинжилгээний хариу гарснаас хойш 72 цагийн дотор Их-Уул сумын пост дээр ирээгүй, бусад зөрчилтэй тохиолдолд түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ өгнө.
6.Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хулгайн замаар зөвшөөрөлгүй нэвтэрсэн, гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдөөгүй зэрэг зөрчил дутагдал гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хатуу хариуцлага тооцно. Зөрчил гаргаж буй иргэдийн талаарх мэдээллийг аймгийн Шуурхай штабын 7046-2110, аймгийн Цагдаагийн газрын 7046-102 дугаарын утсаар хүлээн авна.
ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ