ДУНДГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 15-наас эхлүүлэхээр шийдвэрлэв
Дундговь аймгийн Онцгой комиссын энэ оны дөрөвдүгээр хуралдааны шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхээр боллоо.
УОК-оос сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагааг аймгууд гуравдугаар сарын нэгнээс хойш хэзээ эхлэхийг дотооддоо шийдвэрлэх чиглэл өгсөн ба Дундговь аймгийн хувьд 19 сургууль, 22 цэцэрлэг энэ сарын 15-наас хүүхдүүдээ хүлээн авахаар болж байна.
Тус аймгийн олон малчин 12 аймагт отроор явж байгаа тул хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, дотуур байрыг тусгаарлах байр болгон ашиглаж байсан тул түүнийг хэвийн байдалд нь оруулах, үдийн цай, цэцэрлэгүүдийн хүнсний худалдан авалтыг зохион байгуулах, анги танхимыг халдваргүйжүүлж, ариутгах зэрэг бэлтгэл ажлыг энэ хугацаанд хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа тул ийм шийдвэр гаргасан гэдгээ аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.