PCR-ын хариугаа хүлээлгүй Улаанбаатараас Завхан руу явж байсан иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарчээ
Дахин нэг иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй орон нутаг руу зорчин явах замдаа шинжилгээний хариу нь эерэг гарчээ.
Тодруулбал, өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгсэн. Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэл рүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна гэдгийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь голомтын бүсээс зорчин ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг АОК-оос анхааруулж байна.
Мөн Сар шинийн баярын өдрүүд тохиож буй эдгээр өдрүүдэд иргэн та цахимаар золголт хийж, шагнал урамшууллын баярт мөчөө хуваалцах гэх мэт олноор бөөгнөрөх үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, хөл хорионы дэглэмээ чанд сахих үүрэгтэй.
Шаардлагатай тохиолдолд аймгийн хэмжээнд ТЭГ зогсолт хийх хүртэлх эрсдэл үүсэх магадлалтай тул иргэн бүр өндөр хариуцлагатай байж, хэрэв та голомтын бүсээс ирсэн бол 14 хоногийн гэрийн дэглэмээ хатуу баримтлахыг дахин сануулж байна.