Хөвсгөл аймагт болсон хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ
Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд 1 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6.5 магнитуд, 05:41 цагт 5.1 магнитуд, 05:47 цагт 4.6 магнитуд, 06:02 цагт 5.3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5.6 магнитудын газар хөдлөлт болсон байна.
Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1,000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгджээ.
Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6.5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.









